Ойрхи Дорнодод дарь үнэртэх янзтай. Эндхийн хийгээд Өрнөдийн олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдэд ийн улиглах боллоо. Тэнд байдал улам бүр түгшүүртэй болж байна гэнэ. Хүмүүсийн итгэл алдарсан “Засгийн газрууд нь аюултай бодлого явуулж буй, гадаад орчны идэвхтэй зуучлагч байхгүй зэрэг нь тус бүс нутгийн байдлыг тогтворгүйжүүлж байгаа хүчин зүйлүүд дотор багтана гэж Германы Олон улсын хүрээлэнгийн захирал Фолькер Пертес “Ойрхи Дорнодод дайн гарах нь зайлшгүй юү” гэсэн өгүүлэлдээ бичжээ. Ойрхи Дорнодын бүс нутгийн Исламын голлох удирдагчдын хэлж ярьж байгаагаас үзвэл энд цэрэг дайны шинжтэй зөрчил тэмцэл үүсэх нь бодит байдал болж байгаа төдийгүй түүнд оролцоход бүс нутаг өөрөө бэлэн байгаа юм байна гэсэн бодол төрөхөөр. “Ойрхи Дорнодын дайн ойрхон байна” гэж Сирийн Ерөнхийлөгч Башир Асад бүр өнгөрсөн оны наймдугаар сард хэлж байлаа.
Ойрын гурван сарын хугацаанд энд хоёр ч шинэ дайн дэгдэнэ гэж Ираны Ерөнхийлөгч Махмуд Ахмадинежад “зөгн өсөн”. Туркийн Ерөнхий сайд Реджеп Эрдоган “Туркийн тэвчээрийг шалгах нь хэнд ч сайн юм болохгүй. Биднийг дайснаа гэж үзвэл бид тэдэнд нөхөр нь байхыг хүсэхгүй” гэж Парламентын гишүүдийнхээ өмнө хэнд ч ойлгогдохоор хэлсэн. Энэ мэт дайнч мэдэгдэл хийхээс Израиль яахин хоцрох. Гадаад харилцааны дэд сайд Моше Яалон нь улс орноо Ирактай дайн хийхэд бэлнийг мэдэгдсэн. Тэсрэх аюултай болоод байгаа ийм нөхцөл байдалд геополитикийн тавцан дээр голлон тоглогч болдог АНУ ямар ааш гаргахаас олон зүйл шалтгаална.
Испанийн “Rebelion” сонинд нийтлэгдсэн өгүүлэлд дайн хийх сонирхлыг нь өдөөх хэд хэдэн шалтгаан Америкт бий гэсэн байна. Юуны урьд Америкийн эрх ашгийг тууштай хамгаалдаг Израилийн улс төр, цэргийн давуу байдлыг сэргээхийг хичээх аж. Иран, Сири, Туркийн гурвалсан холбоог таслах, Саудын Арабт тогтоосон хяналтаа хэвээр хадгалах эрмэлзэлд нь дайн ашиг тусаа өгнө гэж АНУ үзэж байгаа гэнэ. Цаашилбал, дээрх бүс нутагт улам бүр өсөн нэмэг дэж буй Оросын нөлөөг тогтоон барих, Ирак, Афганистанд явуулсан Америкийн цэрэг дайны ажиллагаа сүйрсэнийг мартагнуулах, сүүлийн хоёр жилд Оростой харилцаагаа бэхжүүлж, Хятадтай ойртож, Ирантай харилцаа тогтоох гээд байгаа Латин Америкийн орнуудад таагүй хандаж буйгаа харуулахад нь ч дайн хэрэг болж магад аж. Дайн олон шалтгаанаар Америкт ашигтай гэж Оросын Олон улсын харилцааны дээд сургуулийн судалгааны хүрээлэнгийн ажилтан Леонид Гусев бас үзэж байна. Зөрчил тэмцэл шатлан өргөжихөд Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх кампанит ажил ч түлхэц өгч буй аж.
Ялангуяа БНН-аас нэрээ дэвшүүлж буй хүмүүс Иранд цохилт өгөх нь чухал хэмээн илэн далангүй хэлж байна. Бүхэлд нь байдлыг цэгнээд Леонид Гусев энэ бүс нутагт дайны ажиллагаа эхлэх магадлал тун их гэж дүгнэжээ. Энэ бүхнээс үүдээд цэрэг дайны зөрчил тэмцэл чухам одоо цагт бодит үйл явдал болж чадах уу? Ирак, Афганистанд эхлүүлсэн дайн нь дуусаагүй, дэлхий дахиныг нөмөрсөн санхүүгийн хям ралаас гарч амжаагүй байхад АНУ шиг хүчирхэг гүрэн ч гэ сэн өргөн цартай шинэ дайнд орж чадах уу гэх мэт асуулт аяндаа хариулт нэхэж байна. Тиймээс зарим нэг шинжээчийн бодлыг сонирхуулъя.
Леонид Пайдиев (ОХУ “OPEC.ru суваг болон Эрх зүйн санаачилгыг дэмжих сангийн шинжээч): - Ираныг эзэлж авах хүч Америкт байхгүй ч эмх замбараагүй байдал бий болгож, түүнийгээ залж хөтлөөд байж дөнгөнө. Энэ эмх замбараагүй байдал Хятад, Европын хамтын нийгэмлэг болон арабуудад түвэг учруулна. Энэ байдал Америкт ашигтай. Эдгээр орны мөнгө эднийх рүү урсана. Тэгээд бүгд Америк руу хошуу цорвойх болно.
Авраам Шмулевич (Израиль, Дорнодтой түншлэх хүрээлэнгийн ерөнхийлөгч, улс төр судлаач): -Байдлыг цаашид тогтворгүйжүүлэхийг АНУ сонирхохгүй. Тэртэй тэргүй түүнд шийдвэрлэж чадахгүй байгаа асуудал олон. Ирак, Афганистан гал, цусан дунд байна. Иракаас цэргээ гаргахаар өндөр дуугаар зарласан Обамагийн төлөвлөгөө хэрэгжихгүй байна. Тийм болохоор Ойрхи Дорнодод байдал тогтворжихгүй бол Обамагийн засаг захиргаа сонгуулийн үед тун хэцүүднэ. Түүнээс гадна Ойрхи Дорнодод байдал тогтворгүйтвэл Америкийн ойрын холбоотон Саудын Араб, Египет дэх дэглэм ганхана. Иран тогтворгүй байдлыг сонирхож буй ч АНУ болон Израильтай халз мөргөлдвөл өөрийнх нь дэглэм сүйрэх магадлал өндөр болохыг ойлгож буй. Тэгэхээр Ираны эрх баригчид түгшүүртэй байдлыг л хүсэхээс биш, дайнаас зайлсхийнэ. Израильд ч дайн хэрэггүй. Дайн дэгдвэл Арабын гол орнууд асар их хохирол амсана. Ойрхи Дорнодод дайн үүсвэл ганцхан Орост л ашигтай. Магадгүй энэ дайн ОХУ өөрийгөө аврах ганц боломж ч байж болно. Нефтийн өндөр үнэ дээр Кремль оршин тогтнож байдгийг хэлэх нь илүүц. Гэтэл нефтийн үнэ унаад байна. Ойрхи Дорнодод дайн өдөөвөл энэ үнэ эрс өсөх нь эргэлзээгүй.
Андрей Важра (Украины улс төр судлаач, нийтлэлч): -Дэлхийд ноёрхох зүгт олигтой алхам хийхэд шаардагдах материалын ч, хүний ч, оюуны ухааны ч нөөц 2004 онд ч Америкт байгаагүй юм. Өөрийн улс төрийн нөлөө, цэргийн хүчин чадлаа хэт үнэлсэн тус улс эхлээд Афганистанд, дараа нь Иракт үхлийн шарх авлаа. Америкийн хүч чадал нэг бүс нутгийг өөрийн санаанд нийцүүлэн өөрчлөхөд ч хүрэлцэхгүй байна. Ойрхи Дорнодод одоогоор тэргүүлэх үүрэгтэй байгаа, гол дайсан нь болж буй Иранд ихээхэн сүйтгэл учруулж байж бий болсон нөхцөл байдлаас АНУ гарч болох юм гэж зарим стратегич үзэж байгаа. Гэтэл ингэчих боломж ч Америкт одоо алга.
Юрий Шимановский (АНУ зохиолч): -Америкийн улстөрчдөд эрүүл саруул ухаан ямагт дутагдаж байдаг. Ямар нэг ухаангүй үйлдэл хийх боломж олдвол тэд түүнийг ашиглахгүй өнгөрөхгүй. Америк хоёр ч дайнд ялагдлаа. Олон улсад нэр хүнд нь уналаа. Өр нь толгойд багтахааргүй болсон. Ажилгүйдэл ч газар авсан. Үүнд ард түмэн мэдээж сэтгэл дундуур байдаг. Тэгвэл одоо яах ёстой вэ. Ийм нөхцөлд дотоод асуудлаасаа олон түмний анхаарлыг сарниулахын тулд дайн хийдэг эртний уламжлалтай. Обама бол энхийн төлөө тэмцэгч, үүнд чиглэсэн үйл ажиллагаагаараа Нобелийн шагнал авсан. Гэхдээ л цөмийн зэвсэгтэй Пакистан руу дайрна гэж сонгуулийн сурталчилгааны үедээ хэлж л орхисон хүн дээ. Америк бол яаж ч мэдэх, эрэмбэ тун муутай улс. Бүхнийг мөнгөөр цэгнэнэ. Хүмүүсийн ярьсныг үзвэл, бүрэн хэмжээний дайн дэгдэж хэн нэгний газар нутгийг эзэлж авна гэхэд эргэлзээтэй байна.
Харин Ираны цөмийн зэвсгийн болон цэрэг-аж үйлдвэрийн байгууламжууд, дэд бүтцэд агаараас цохилт өгөх боломж бол их бий. Ийм цохилтын ихээхэн хэсгийг Америкийн сансрын тагнуул хийгээд тэнгисийн цэргийн флотын дэмжлэгтэйгээр Израилийн Агаарын цэргийн хүчин өгөх болов уу? Ингэсэн тохиолдолд дэлхийн хүчний харьцаа нэг туйлт биш олон туйлт болж мэднэ. Гэхдээ дайн битгий хэл агаараас цохилт өгөхөд ч саад учруулах юм олон бий. Иранд гадаадаас цэрэг дайны ажиллагаа явуулахаас зайлсхийх боломжтой бүх арга хэмжээг авахаар Францын Ерөнхийлөгч Николя Саркози төлөвлөж буй. Цэрэглэн дайрснаар асуудлыг шийдэхг үй, тэгсэн хэрнээ дайн өдөөж, Ойрхи Дорнод төдийг үй дэлхий дахинд эмх замбараагүй байдал бий болгоно гэж тэрбээр үзэж байна. Тиймээс хүч хэрэглэхийн оронд Ираны эсрэг хориг арга хэмжээ авч, нефтийг нь худалдаж авахаа больж, Төвбанкных нь гадаад үйл ажиллагааг зогсоох зэргээр нөлөөлөхийг Саркози санал болгож буй юм.
Атомын бөмбөг хаягч нисэх онгоцууд тээсэн “Авраам Линкольн” хөлөг онгоц барин Америкийн цохих бүлэг Ираны зүүн өмнөд эргийг илбэж байдаг Арабын тэнгист нэгэнт ирчихээд байгааг уншигчиддаа сануулъя. Персийн булангаас нефть зөөх тэнгисийн гол замын нэг Ормузын хоолойн дэргэд Америкийн Тэнгисийн цэргийн хүчний онгоцууд ч урьд нь оччихсон байгаа билээ. Энэ нь Америк “зүгээр байхгүй нь” гэх бодлыг хүмүүст төрүүлж байна. Хэрэв дайн өдөөвөл АНУ өөрөө дайны талбар болохгүй. Харин ч дэлхийн баячууд хийгээд хөрөнгө чинээтэй компаниудын мөнгө урсан ирж байдаг “тайван зогсоол” болно. Америкийн цэрэг-аж үйлдвэрийн хүчирхэг цогцолборуудад дэлхийн өнцөг булан бүрээс зэвсгийн захиалга тасрахгүй. Дайтагч талууд удалгүй Америкт өртөх болно. Чухам тийм ирээдүйг харж буй учраас Евроази, Африкийн янз бүрийн бүс нутаг Курилийн арал, Солонгосын хойг, Пакистан, Афганистан, Дундад Ази, Украин, Иран, Сири, Косова, Палестин, ер хаана л бол хаана Вашингтон гал руу тос хийсээр байна.
Ираны эргэн тойронд Саудын Араб, Израиль, Их Британи, АНУ гээд бүхэл бүтэн эвсэл бий болгочихож. Дайны дараа дэлхийд ямар өөрчлөлт бий болох дүр зургийг Збигнев Бжезинский гаргачихсан байна. Түүгээр бол Америкийн тэргүүлсэн Атлантын холбоо гээч байгуулагдах нь Америк бүхий л талаар улам хүчирхэг болж, дайнд туйлдсан Европын орнууд, Орос, Турк ч энэ эвсэлд багтах болж, Энэтхэг хийгээд Исламын ертөнц, Хятад энэ тулаанд ялагдал хүлээж, Өрнөдийн өрсөлдөгч байхаа болих аж. Ийм таамаглал, хардлага, сэрдлэг, болгоомжлол, анхааруулга дэлхийн хэвлэлд гарсаар байна.
Р. ЖАРГАЛАНТ