Энэтхэгийн Шинэ Дели, Гүржийн Тбилиси хотод болсон халдлагыг Иран зохион байгуулсан хэмээн Израилийн Ерөнхий сайд Беньямин Нетаньяху мэдэгдлээ. Энэтхэгт байгаа Израилийн дипломатчдын машинд тавьсан бөмбөг дэлбэрсний улмаас дөрвөн хүн бэртэж гэмтсэн тухай AFP дамжууллаа. Мөн Гүрж, Азербайжан, Таиландад израиль иргэд рүү халдахыг завдсан явдал ч иранчуудын хийсэн хэрэг хэмээн тэрбээр үзэж байна. Израилийн Гадаад хэргийн сайд Авигдор Либерман “Халдлага үйлдсэн хүмүүсийг яаж илрүүлэхээ бид мэднэ” хэмээжээ. Ираны эрх баригчид үүнийг үгүйсгэж, ямар нэгэн халдлага зохион байгуулахад оролцоогүй хэмээн мэдэгджээ. Түүний зэрэгцээ Израилийн мэргэжилтнүүд халдлага зохион байгуулахыг завдсан хүмүүсийг эрэн сурвалжлахаар Гүржийн нийслэлд хүрэлцэн ирсэн байна. Ираны цөмийн хөтөлбөрт ажиллаж байсан дөрвөн эрдэмтний амийг хөнөөсөн хэрэгт Тегеран Израилийг буруутгасан билээ.
Европын холбооны гадаад харилцааны тэргүүн Кэтрин Эштон Израилийн дипломат төлөөлөгчид, иргэд рүү халдсан явдлыг шүүмжиллээ. Тэрбээр энэ хэргийг үйлдсэн, зохион байгуулсан хүмүүсийг зөвтгөх аргагүй хэмээн онцолжээ.