Венесэулийн сөрөг хүчнийхэн ирэх аравдугаар сард болох Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сонголоо. Сөрөг хүчний эвслээс Миранда мужийн захирагч Энрике Каприлес нэр дэвшиж, Ерөнхийлөгч Уго Чавестай өрсөлдөх аж. Нэр дэвшигчийг тодруулах сунгаанд Энрике Каприлес 62 хувь, түүний өрсөлдөгч Пабло Перес 30 хувийн санал авсан тухай АР дамжуулав.
Сөрөг хүчний намын гурван сая орчим гишүүн, дэмжигч санал хураалтад оролцсон байна. Хүмүүс санал хураалтад идэвхтэй оролцож буйгаас үзэхэд ирэх сонгуульд Энрике Каприлес ялах магадлал байна хэмээн ажиглагчид онцолжээ. Мөн сөрөг хүчнийхэн олон жилийн турш үргэлжилсэн дотоод зөрчлөө даван туулж, Энрике Каприлесийн нэрийг санал нэгдэн дэвшүүлж байгаа нь хамгийн чухал гэж олон хүн үзэж байгаа юм.
Энрике Каприлес Ерөнхийлөгч болбол ард түмний амьдралыг сайжруулж, улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэхийн тулд бизнесийг дэмжин, гэмт хэрэг, ажилгүйдэл, үнийн өсөлттэй тэмцэхээ мэдэгдсэн. Үүний зэрэгцээ 1999 оноос Венесуэлийг удирдаж буй Уго Чавес хорт хавдрын эсрэг эмчилгээ хийлгэж, хоёр удаа хагалгаанд орсон билээ. Түүнийг эмчилж буй эмч Сальвадор Наварретегийн хэлснээр Ерөнхийлөгчид хоёр жилийн нас үлдсэн гэнэ.
Х.ОДОНЧИМЭГ