Сүүлийн хоёр жилийн турш Александр Лукашенкогийн ивээл дор амьдарч буй Кыргызийн Ерөнхийлөгч асан Курманбек Бакиев Беларусийн иргэншил авсан тухай гаднын хэвлэлүүдэд мэдээлжээ. Эх сурвалжийн мэдээлснээр 2010 оны наймдугаар сард Курманбек Бакиев паспортоо авсан гэнэ. Түүнээс гадна тэрбээр Минскээс холгүй газар авч байгаа аж. Кыргызийн хэвлэлүүдэд мэдээлснээр Курманбек Бакиев Минскийн захад хоёр сая ам.доллараар харш худалдан авчээ.
Тэрбээр эх орноосоо гарснаас хойш нэг хэсэг Беларусийн Ерөнхийлөгч А.Лукашенкогийн өргөөнд амьдарч байсан гэнэ. Мөн А.Лукашенко цэргийн хувцас, хэрэглэлийн үйлдвэрийн захирлаар томилсон гэх мэдээлэл ч өмнө нь гарч байсан билээ.
2010 оны дөрөвдүгээр сард Кыргызэд болсон үймээний үеэр олон хүнийг хороосон хэмээн буруутгагдаж буй Курманбек Бакиевийг олон улсад эрэн сурвалжилж байгаа билээ. Гэхдээ түүнийг баривчлахад туслахгүй гэдгээ Интерпол Кыргызийн эрх баригчдад мэдэгдсэн юм.
Х.ОД