Европ, Умард Африкийн орнуудад эрс хүйтэрснээс зам харилцаанд хүндрэл учраад зогсохгүй олон хүний амь эрсэдсэн нь өнгөрсөн долоо хоногийн онцлох үйл явдал байв. Олон жилийн дунджаас илүү хүйтэрч, их хэмжээний цас орсны улмаас осгож нас барсан хүний тоо одоогийн байдлаар 160 гараад байгаа билээ. Зүүн Европын орнуудаас гадна Испани, Италид ч хүйтний эрч чангарч байна.
Сибирийн эсрэг циклон өнгөрсөн долоо хоногт Украинд 38, Польшид 29, Чехэд таван хүний аминд хүрчээ. Болгарт сургууль, цэцэрлэг, үйлчилгээний байгууллагууд түр хугацаагаар хаагдаж, Сербийн 11 мянган иргэн гэрэл цахилгаангүй болов. Миланд орон гэргүй хүн осгож нас барсан, Ромд замын түгжрэл хэдэн цагаар үргэлжилснийг эс тооцвол Италид байдал арай дээр байгаа аж. Их цас, хүйтний хажуугаар европчууд байгалийн хийгүй гацах дээрээ тулаад байна.
Европын импортлогчид Оросын талд хүсэлт гаргав. Украины дамжуулах хоолойгоор Европт хүрдэг байсан байгалийн хий Москва, Киев хоёрын маргаанаас болж саатаад байна. Түүний зэрэгцээ Африкийн баруун умард хэсэгт буюу Алжир, Марокко, Тунист эрс хүйтэрч, цас оржээ. Алжирт л гэхэд сүүлийн гурав хоногийн дотор 15 хүн осгож нас барсан байна.. “Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр цас орсноос болж зам харилцаанд ихээхэн хүндрэл учирлаа. Гэхдээ мужуудын захиргаа армийнхантай хамтран цасыг цэвэрлэж байна” хэмээн Алжирын Дотоод хэргийн яам мэдэгджээ. Тус улсын умард хэсэгт орших Сетифе, Батне, Константине хотын нисэх буудал цасанд дарагдсан тул онгоц хүлээн авахгүй байгаа аж.
Х.ОД