Этиопийн умард хэсэгт орших нэгэн тосгоныг Лалибела хэмээн нэрийднэ. Адамын булштай, 11 сүмтэй энэ суурин 900 жилийн өмнө сураг ч үгүй байжээ. XII–XIII зуунд Этиопийн нэгэн хаан Ласта мужийн Лалибелаг улсын нийслэл болгох хүсэл өвөрлөн, хадан сүмүүдийг бүтээсэн гэдэг. Тэр үеэс хойш олон зуун жил өнгөрч нийслэлийг Горгору, Гондар, Аддис-Абеба руу нүүлгэн шилжүүлж, Лалибела “жирийн” л нэг тосгон болж үлдсэн аж.
ХУЛГАЙЛАГДСАН ХӨЛӨГ ОНГОЦ
Савын хатан хэдэн арван тэмээнд үнэт эдлэл, алт, бэлэг сэлт ачин Иерусалимд ирж Соломон хаантай уулзан бэлгээ өгч, эх нутгаа бүтнээр нь авч үлдсэн тухай Библид өгүүлдэг. Этиопийн “Кебра Нагаст” буюу “Хаадын алдар” номд Савын хатан Соломон хаантай дэр нэгтгэж, Менелик нэртэй хүү төрүүлсэн тухай гардаг аж. Хүү том болж эцэгтэйгээ уулзахаар Иерусалимд ирээд буцахад нь Соломон сурвалжтануудын хөвгүүдийг хүүтэйгээ хамт явуулсан гэнэ. Хааны нууц хүүг даган эх орноо орхин харийг зорьсон хөвгүүд Иерусалимын сүмийн ойролцоо байсан хөлөг онгоцыг хулгайлан авч оджээ. Тэр нь галав юүлэх, өдөр ирэх цагт хүн төрөлхтнийг аврах хөлөг байсан юмсанж.
Хөвгүүдийн авчирсан асар том хөлгийг харсан хүмүүс бурханд итгэж, төв шударга, үнэнч амьдрахаар шийдсэн хэмээн этиопчууд үздэг аж. Хүн төрөлхтнийг аврах ерөөлтэй энэ хөлөг онгоц одоо Этиопийн хаа нэгтээ, хүний нүднээс далд хадгалагдаж буй хэмээн нутгийн иргэд сүсэглэдэг. Дундад зуун, түүнээс чөмнө Этиопт дайн байлдаан, үндэстэн, омог хоорондын зөрчил газар авчээ. Загве омгийнхны хамгийн алдартай удирдагч Гебре Мескелийг “Лалибела” хэмээн дууддаг байж. Гебре Мескель “Түүний сонгогдсон нэгэн гэдгийг зөгийнүүд батална” гэсэн утгатай Ла либела нэрээр өөрийнхөө байгуулсан тосгоныг нэрлэсэн байна. Удирдагч эх нутагтаа бас нэгэн Иерусалим босгохыг зорьж, хадан цохиог сийлэн сүмүүдийг бариулсан гэдэг.
ГЭГЭЭН ГЕОРГИЙН ХИЛЭН
Европын аялагчдаас хамгийн түрүүнд Лалибелагийн чулуун сүмүүд, сүсэгтнүүд, тэдний амьдралыг анх харж, дэлхий дахинд зарласан нь Португалийн номлогч Франсиску Альвареш билээ. Тэрбээр “Миний бичиж байгаад хэн ч итгэхгүй байж мэднэ. Гэхдээ, бурхны нэрийг барьж андгайлья, энэ бүхэн үнэн шүү” хэмээн Лалибелагийн тухай тэмдэглэлийнхээ эхэнд бичсэн нь бий. Тосгоны хамгийн гоёмсог, том сүм нь Гэгээн Георгийн сүм. Домогт өгүүлснээр Гэгээн Георгий удирдагч Гебре Мескелийн зүүдэнд ирж, өөрт нь зориулан сүм барих ёстойг “сануулсан” байна. Гэгээнтэн хилэгнэх вий гэж айхдаа Гебре Мескель сүм бариулаад зогсохгүй, 12 метр өндөр загалмайг сийлүүлсэн гэдэг. Лалибелад Гэгээн Мари, Аврагчид зориулсан сүмүүд бас байдаг. Бьет Мариам буюу Гэгээн Марийн сүмд энэ тосгоныг үндэслэсэн Гебре Мескелийн бунхан буй. Сүмүүдийн эргэн тойрны агуй, нүхэнд сүсэгтнүүд, даяан чид амьдарна. Агуйд хөдөс, эсвэл даавуу дэвсээд хэдэн өдрөөр бясалган, мөргөн суудаг хүн одоо ч Лалибелад олон гэнэ.
ЛАЛИБЕЛАГИЙН НЭГ ӨДӨР
Тэндхийн өглөө мөргөлөөр эхэлдэг аж. Эрчүүд нар мандахын үес гэрийнх нь ойролцоо орших сүмд очиж мөргөнө. Дараа нь тус тусынхаа ажлыг хийдэг гэнэ. Лалибелагийн оршин суугчид хонь, ямаа, үхэр өсгөж үржүүлдэг. Тиймээс арьсан эдлэл, малын ясаар хийсэн гоёл чимэглэлийн зүйлс тэнд элбэг. Мөн кофе, кат, чинжүү тариалдгаараа алдартай. Этиопчууд Лалибелаг кофений эх орон гэж нэрлэнэ. Мансууруулах үйлчил гээтэй кам хэмээх ургамлаа лалибелачууд харин хөрш зэргэлдээ хотууд руу нийлүүлдэг байна. Эрчүүдэд ма лаа хариулах, тариалангийн талбайд ажиллах, мөн олон зуун жилийн настай чулуун сүмийг үзэхээр ирсэн жуулчдад замчлах гээд ажил мундахгүй. Нэгдүгээр сарын сүүлчээс эхлэн 55 хоног үргэлжлэх их постын үеэр харин хуримууд “цувардаг”.
Өдөрт багаар бодоход 3-5 хурим болдог гэнэ. Хүү, охиныхоо хуримыг ариун газарт хийх гэсэн чинээлэг хүмүүс их постын үеэр тосгоныг зорьдог учраас тэр. 1960-аад оны эхээр тосгонд дэд бүтэц хөгжиж, зам, цахилгаан, утас бий болжээ. Италийн колоничлолын үед тосгон аялал жуулчлалын томоохон бүс болсон байна. Үүний ачаар өдгөө онгоцны буудал, засмал зам, дэлгүүр, худалдааны төвтэй болж чадсан аж. Гудамжаар холхих жуулчид, жолооч, хөтөч, дред үүд, мөргөлчдөөс гадна Лалибелагийн нэрийн хуудас бол хүүхдүүд. Бусад тосгонд амьдарч буй хүүхдүүдээс хавьгүй цэвэрхэн хувцасласан хүүхдүүд “You! You! Give me one dollar! You!” хэмээн жуулчдыг бүчиж, тэднээс “цалин”-гаа авдаг байна. Хүмүүсийн өгсөн нэг ам.долларын хариуд тэд сүм рүү хүргэн өгч, нутгийн заншлыг танилцуулдаг аж.
Х.ОДОНЧИМЭГ