Энэ сарын 4-нд ОХУ-ын нийслэл Москвад болсон жагсаалд оролцсон хүмүүс гомдоллож эхэлжээ. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй В.Путинийг дэмжиж жагссан хүмүүсийг “хулхидсан” гэнэ. Эх сурвалжид мэдээлснээр Москвагийн Хүндэтгэлийн довцогт болсон “Бидэнд алдах зүйл бий” жагсаалыг зохион байгуулагчид ирсэн хүмүүст 500 рубль өгөхөөр амалсан гэнэ. Гэтэл жагсагчид одоо хүртэл нэг ч рубль өгөөгүй хэмээн мэдэгдсэн байна. Тэдний нэг Сергей Морозов “Эрх чөлөө” радиод өгсөн ярилцлагадаа “Нэгдсэн Орос намд ажилладаг нэг найз маань 250 хүн цуглуулах “үүрэг өгсөн”. Жагсаалд би 160 хүн авчирсан ч тэдэнд мөнгийг нь өгөөгүй” хэмээн ярьсан байна.
Харин Нэгдсэн Орос намынхан энэ бүхнийг үгүйсгэж байгаа юм. Тус намын хэвлэлийн төлөөлөгч Наталья Бурцева “Жагсаалд хэнийг ч хүчээр эсвэл айлгаж дарамталж авчраагүй. Тэр тусмаа ямар ч мөнгө хэнд ч амлаагүй. Энэ бүхэн өдөөн хатгалга, намын нэр хүндийг унагах гэсэн оролдлого” гэжээ.