ОХУ-аас хийн түлш импортолдог Европын холбооны ихэнх орон өнгөрөгч долоо хоногт хэвийн байдалдаа шилжсэн гэж тус холбооны эрх бүхий хүмүүс мэдээллээ. Гэхдээ Герман руу нийлүүлэх түлшний хэмжээ хэвийн байгаа ч Итали, Румын улсынх доод түвшиндээ хүрсэн гэнэ. Хэт хүйтрэлтийн улмаас Европын орнуудад их хэмжээний цас орж байгаагаас энэхүү хийн хомсдол нь Италид илүүтэйгээр хүндхэн тусаж буй аж. Тус улсын зарим цахилгаан станцыг хий гээс шингэн түлшинд шилжүүлснээр үйлдвэрүүдийн үйл ажиллагаа зогсож магадгүй гэж мэдэгдэв.
Оросын хийн түлшний нийлүүлэлт одоогоор 17 хувьтай байгаа ч өнгөрсөн долоо хоногийнх нь хамгийн дээд түвшин нь 21 хувь байжээ. Италийн Засгийн газар өчигдрийн хуралдаанаар ойрын өдрүүдэд түлшээ хөрш орнуудаасаа авах нь зүйтэй гэсэн шийдвэр гаргалаа. Тус улсын Засгийн газрын тэргүүний хэлснээр “ENI компанийн хийн түлшний нөөц ирэх лхагва гариг хүртэл хангалттай байгаа, гэхдээ үүнээс өмнө түлшний нийлүүлэлтээ өсгөхгүй бол байдал ихээхэн хүндэрнэ. ENI компани өнгөрсөн өдрүүдэд Алжираас түлш нийлүүлсэн ч энэ нь хангалттай бус байна” гэв.
Харин Оросын Засгийн газар “Газпром” компанийн Европын холбооны улс руу нийлүүлэх түлшний хэмжээ сүүлийн хэдхэн өдөр 10 хувиар буурсан гэж хариу мэдэгджээ. Европын холбооны эрх мэдэлтнүүд 2009 оны хийн түлшний хямралын дараа ОХУ-тай урьдчилан сануулах гэрээ байгуулсан ч зах зээлийн тохиромжгүй байдлаас шалтгаалан одоог хүртэл хэрэгжээгүй гэлээ.
Ч.ЦЭРЭНЧИМЭД