НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Сирийн Ерөнхийлөгч Башар Асадыг огцрохыг уриалах талаар хэлэлцэж байгаа билээ. НҮБ-ын эл саналыг эсэргүүцэж буй Оросын Гадаад хэргийн сайд Сергей Лавров, Гадаад тагнуулын албаны тэргүүн Михаил Фрадков нар Сирид айлчилж байна. С.Лавров тэргүүтэй төлөөлөгчид Ерөнхийлөгч Д.Медведевийн Сирийн эрх баригчдад хандсан захиасыг уламжлах гэнэ. Гэхдээ тэд сиричүүдтэй яг юун тухай ярилцах нь тодорхойгүй байна. “Улс төлөөлөн яваа хүмүүс ямар нэгэн зорилготой байгаа нь мэдээж. Гэхдээ энэ тухай тодорхой тайлагнах шаардлагагүй” хэмээн С.Лавров өгүүлжээ. Сирийн эрх баригчдын эсрэг хориг арга хэмжээ авах саналыг Аюулгүйн зөвлөлийн гишүүн ОХУ, БНХАУ эсэргүүцсэн нь АНУ тэргүүтэй барууны орнуудыг гайхашруулж байна.
Ерөнхийлөгч Башар Асадын дэглэмийн эсрэг тэмцэж буй босогчид “Орос, Хятад ийм шийдвэр гаргаснаараа энгийн иргэдэд хүч хэрэглэж, тэдний амийг хөнөөж буй Башар Асадыг өөгшүүлж байна” хэмээн үзэж буйгаа илэрхийллээ. Түүнээс гадна босогчид Дамаск дахь Оросын дипломат төлөөлөгчийн газрын байрны дэргэд жагссан юм. Харин Оросын тал “Бид Башар Асадын хамтрагч, эсвэл дэмжигч нь биш. Сирийн дотоод зөрчлийг тэд өөрсдөө л шийдэх ёстой гэж үзэж байна. Улс орны дотоод хэрэгт оролцох эрх хэнд ч байхгүй” хэмээн мэдэгдсэн юм.
ОРОС БОЛ АНУ БИШ
Оросуудын шийдвэрийг АНУ, Европын холбоо, Арабын орнууд шүүмжлэхийн зэрэгцээ Францын Ерөнхийлөгч Николя Саркози үүнийг “Ичгүүртэй явдал” хэмээн нэрлэлээ. Түүгээр зогсохгүй Н.Саркози Оросын Төрийн тэргүүн Д.Медведев рүү утас цохиж энэ асуудлыг хэлэлцэхийг хүссэн тухай гаднын хэвлэлүүдэд мэдээлжээ. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөгч “Ерөнхийлөгч Н.Саркозитай утсаар яриагүй” гэсэн байна. Ажиглагчдын үзэж буйгаар оросууд Башар Аса дыг огцрохыг шаардсан уриалгыг эсэргүүцэж байгаа нь хамтрагчдаа үнэнч гэдгээ харуулах гэсэн тактик байж магадгүй аж.
Их Британийн Хатан хааны нэрэмжит олон улсын харилцааны хү рээлэнгийн Орос, Евразийг хариуцсан хөтөлбөрийн удирдагч Жеймс Шерр “ОХУ олон улсын тавцанд нэр хүндээ алдаж, дотооддоо зөрчилтэй байгаа. Тийм ч учраас Арабын ертөнц дэх түншээ алдахыг хүсэхгүй байна. Түүнээс гадна оросууд ямар ч үед найдвартай хамтрагч байж чадна, үүгээрээ АНУ, Европын холбооноос ялгарна гэдгээ харуулахыг зорьж буй” хэмээн онцолсныг ВВС дамжуулав. ОХУ Сири рүү зэвсэг нийлүүлдэг хамгийн том хамтрагч билээ. Түүнээс гадна Сирийн Тартус боомтод Оросын тэнгисийн цэргийн бааз байрладаг аж.
Х.ОД