Африкийн баруун умард хэсэгт буюу Алжир, Марокко, Тунист эрс хүйтэрч, цас оржээ. ИТАР-ТАСС агентлагийн мэдээлснээр Алжирт сүүлийн гурав хоногийн дотор 15 хүн осгож нас барсан байна. Түүнээс гадна нийслэлээс хол орших мужуудад байдал хүндхэн байгаа гэнэ. “Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээр цас орсноос болж зам харилцаанд ихээхэн хүндрэл учирлаа. Гэхдээ мужуудын захиргаа армийнхантай хамтран цасыг цэвэрлэж байна” хэмээн Алжирын Дотоод хэргийн яам мэдэгджээ. Тус улсын умард хэсэгт орших Сетифе, Батне, Константине хотын нисэх буудал цасанд дарагдсан тул онгоц хүлээн авахгүй байгаа аж.