Оросуудын шийдвэрийг АНУ, Европын холбоо, Арабын орнууд шүүмжлэхийн зэрэгцээ Францын Ерөнхийлөгч Николя Саркози үүнийг “Ичгүүртэй явдал” хэмээн нэрлэлээ. Түүгээр зогсохгүй Н.Саркози Оросын Төрийн тэргүүн Д.Медведев рүү утас цохиж энэ асуудлыг хэлэлцэхийг хүссэн тухай гаднын хэвлэлүүдэд мэдээлжээ. Харин Кремлийн хэвлэлийн төлөөлөөгчид “Ерөнхийлөгч Н.Саркозитай утсаар яриагүй” гэсэн байна.
Ажиглагчдын үзэж буйгаар оросууд Башар Асадыг огцрохыг шаардсан уриалгыг эсэргүүцэж байгаа нь хамтрагчдаа үнэнч гэдгээ харуулах гэсэн тактик байж магадгүй аж. Их Британийн Хатан хааны нэрэмжит олон улсын харилцааны хүрээлэнгийн Орос, Евразийг хариуцсан хөтөлбөрийн удирдагч Жеймс Шерр “ОХУ олон улсын тавцанд нэр хүндээ алдаж, дотооддоо зөрчилтэй байгаа. Тийм ч учраас Арабын ертөнц дэх түншээ алдахыг хүсэхгүй байна. Түүнээс гадна оросууд ямар ч үед найдвартай хамтрагч байж чадна, үүгээрээ АНУ, Европын холбооноос ялгарна гэж харуулахыг зорьж буй” хэмээн онцолсныг ВВС дамжуулав. ОХУ Сири рүү зэвсэг нийлүүлдэг хамгийн том хамтрагч билээ. Түүнээс гадна Сирийн Тартус боомтод Оросын тэнгсийн цэргийн бааз байрладаг аж.