Европ даяар долоо хоногийн турш үргэлжилж буй цочир хүйтрэлтийн улмаас нас барсан хүний тоо 223-т хүрчээ. Энэхүү хүйтрэлтийн уршгийг хамгийн их хүртсэн улс бол Украин. Тус улсын Онцгой байдлын сайдын мэдэгдсэнээр цаг агаар хүйтэрснээс хойш 101 хүн амиа алдсаны 64-ийнх нь цогцос гудамжнаас олдсон байна. Учир нь орон гэргүй иргэд хоргодох газаргүйгээс ихэвчлэн шөнө хөлдөж үхсэн гэнэ. Түүнчлэн 1600 орчим хүн гар хөлөө хөлдөөснөөс эмнэлэгт хүргэгдсэн бол хэдэн мянган хүн түр хоргодох байранд очиж, халуун хоол цайгаар үйлчл үүлэн, тусламж авчээ. Тэгвэл Сербид 11 мянган хүн тусламж авч, 6500 өрх гэрээсээ гарч чадахгүй болж, цасанд боогдсон гэнэ.
Тус улсын Онцгой байдлын алба цас цэвэрлэхээр ажиллаж байгаа бөгөөд Босниагаас тусламж авсан байна. Хүйтрэлтийн улмаас Италийн алдарт Венецийн суваг хөлдөх аюул нүүрлэсэн бол Ром хот тэр чигтээ цасанд хучигджээ. ОХУын есөн хотын оршин суугчид хийн түлш авч чадахгүйд хүрсэн байна. Учир нь цаг агаарын хүндрэлийн улмаас “Газпром” компанийн нийлүүлэлт саатсан аж.
Тус компанийн нийлүүлэлт Австрид 30, Италид 24 хувиар буурсан гэнэ. Польшид хүйтний эрч чангараад 24 цагийн дотор найман хүн амиа алдаж, өнгөрсөн долоо хоногт нийт 37 хүн хөлдөж үхсэн тухай тус улсын цагдаагийн байгууллага мэдээлэв. Тэнд агаарын температур 35 градус хүрч хүйтэрчээ. Харин хамгийн их хүйтэрсэн газраар Чехийг нэрлэсэн байна. Тус улсын баруун өмнөд хэсэгт шөнөдөө 38.1 градус хүртэл хүйтэрчээ.
Өвөл хамгийн ихдээ найман градус хүйтэрдэг байсан Милан хотын цаг агаар өнгөрсөн долоо хоногт 18 градус хүртэл хүйтэрч, их хэмжээний цас орсон гэнэ. Европыг донсолгоод буй энэ хүйтрэлт дахин хэд хоног үргэлжлэх төлөвтэй байна.
Р.ОЮУН