ОХУ-ын нийслэл Москвад өнгөрсөн бямба гаригт Ерөнхий сайд В.Путинийг дэмжсэн, мөн түүнийг эсэргүүцсэн хэд хэдэн жагсаал боллоо. Сөрөг хүчнийхэн Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй В.Путинийг нэрээ татаж авахыг шаардсан бол Нэгдсэн Орос намын дэмжигчид Ерөнхий сайдыг дэмжиж буйгаа илэрхийлэн жагсаал, марш зохион байгуулжээ.
Сөрөг хүчнийхэн нэгдэх хэрэгтэй
Нэгдсэн Оросоос бусад нам, улс төрийн хүчнийхэн ойрын хугацаанд Төрийн думын сонгууль явуулах, Сонгуулийн төв хорооны тэргүүн Владимир Чуровыг ажлаас нь халахыг шаардаж байв. Сөрөг хүчнийхний жагсаалыг зохион байгуулагчдын нэг Владимир Рыжков “Эрх баригчид ард түмний шаардлагыг хүлээж авахгүй, биелүүлэхгүй байна. Дараагийн жагсаалыг энэ сарын 26-нд зохион байгуулна” гэлээ. Мөн Ерөнхийлөгчийн сонгуульд “Яблоко” намаас нэр дэвших гээд бүтэлгүйтсэн Григорий Явлинский ирэх гуравдугаар сард болох сонгуулийн дараа ч тэмцлээ үргэлжлүүлнэ хэмээн онцолжээ. Жагсаалд Григорий Явлинскийг нэр дэвшигчээр бүртгэхийг шаардсан бүлэг хүмүүс оролцсон аж.
“Шударга сонгуулийн төлөө” жагсаалд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшиж буй тэрбумтан Михаил Прохоров, Шударга Орос намын тэргүүн Сергей Миронов, Коммунист намын дарга Геннадий Зюганов нар оролцсон байна. Харин Либерал ардчилсан намын тэргүүн Владимир Жириновский Москва хотын төвд жагсаал зохион байгууллаа. Болотный талбайгаас Якиманкийн гудамж хүртэл үргэлжилсэн жагсаалд ойролцоогоор 50-70 мянган хүн оролцсон бол В.Путинийг дэмжсэн жагсаалд мөн төдийчинээ хүн оролцсон гэж эх сурвалжуудад мэдээлжээ. Сөрөг хүчнийхний жагсаалд 30 орчим мянга, В.Путинийг дэмжигчдийн жагсаалд 138 мянган хүн оролцсон хэмээн Москвагийн цагдаа нар мэдэгдсэн аж.
Сөрөг хүчнийхний жагсаалд хэдэн ч хүн оролцсон бай, тэдэнд нэг л том сул тал байна хэмээн тоймчид онцолжээ. “Сөрөг хүчнийхэн тус тусдаа, Москвагийн өнцөг булан бүрт жагсаад нэмэргүй. Тэд хамтарч, нэгдэж тэмцвэл илүү үр дүнтэй, илүү даацтай шийдвэр гаргана” хэмээн ВВС мэдэгдлээ.
В.Путинийг дэмжигчид хувцсаараа ялгарав
Ерөнхий сайд в.Путинийг дэмжиж жагсаалд ирсэн хүмүүсийн дийлэнх нь ажлынхаа хувцастай байсан тухай эх сурвалжуудад мэдээллээ. Жишээлбэл, “Оросын шуудан холбоо”, “Трансаэро” тэргүүтэй байгууллагын логотой хувцас өмссөн хүн олон байсан гэнэ. Түүнээс гадна хүмүүс бөөнөөрөө, нэгэн зэрэг ирж, тогтсон газарт зогсон лоозон өргөж байжээ. Энэ бүхнээс үзэхэд В.Путинийг дэмжигчид өөрийн хүсэлтээр биш хэн нэгний даалгавраар ирсэн гэх сэтгэгдэл төрүүлж байсан тухай сурвалжлагчид өгүүлж байв. Жагсагчдын зарим нь дарга нарынхаа шаардлагаар ирснээ ч сэтгүүлчдэд ам алдсан байна. Харин тэдний дийлэнх нь сэтгүүлчдийн асуусан асуултад хариулахаас татгалзаж байжээ. Зарим эх сурвалжийн мэдээлснээр жагсаал болохын өмнөхөн эрх баригчдыг дэмжих арга хэмжээнд оролцох хүмүүст 1000 рубль өгөх зарлал интернэтэд тавьсан гэнэ.
Тактикийн тухай маргаан
Сөрөг хүчнийхэн, эрх баригчдын зохион байгуулж буй энэ жагсаалыг тоймчид ажиглагчид “үеэ өнгөрөөсөн тактик” хэмээн онцлов. Тэр дундаа Нэгдсэн орос намынхан сөрөг хүчнийхэнтэй зэрэгцэн олон нийтийн эсэргүүцлийн арга хэмжээ зохион байгуулж байгаа нь арга ядсан, зохиомол шинжтэй харагдаж байна хэмээн тэд үзэж байна. Өөрөөр хэлбэл, сөрөг хүчнийхний тактикийн хуулбарласнаараа В.Путин нэр хүндээ унагаж байна гэж үзэх хүн олон байгаа аж. Жагсаал зохион байгуулахын оронд эрх баригчид Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр будлиан гаргахгүй байх нөхцлийг бүрдүүлэх, сонгогчидтой тулж ажиллах хэрэгтэй гэж шинжээчид үзэж буй.