Египетийн Порт-Саид хотын цэнгэлдэх хүрээлэнд хөлбөмбөгийн тэмцээний үеэр нас барсан хүмүүсийн дурсгалыг хүндэтгэх жагсаал тус улсын томоохон хотуудад болсон тухай AFP дамжуулав. Суэц хотод болсон жагсаалын үеэр хүмүүс цагдаагийн ажилтнууд руу дайрч үймээн дэгдээсэн байна. Хууль сахиулагчид жагсагчдыг тараахын тулд нулимс асгаруулагч хэрэглэсэн бөгөөд энэ үеэр хоёр хүн амиа алджээ. Түүнээс гадна Египетийн нийслэл Каирт өчигдөр болсон жагсаалын үеэр 600 орчим хүн бэртэж гэмтсэн гэнэ. Жагсагчид Порт-Саидын цэнгэлдэх хүрээлэнд болсон зодооны үеэр хууль сахиулагчид зохих арга хэмжээ аваагүйгээс олон хүн амь үрэгдсэн хэмээн үзэж буй юм. Тэд эрх баригч Цэргийн дээд зөвлөлийнхнийг огцрохыг шаардаж байна.