АНУ-ын Нью-Йорк хотын иргэн Стивен Ли Пик дуучин Эминемийг оюуны өмчийн эрхийг зөрчиж, зар сурталчилгааны санаа хулгайлсан хэмээн буруутган шүүхэд өгчээ. Автомашин үйлдвэрлэгч “Chrysler” компанийн сурталчилгааны роликийн санааг тэр бээр анх бодож олсон, харин түүнийг нь Эминем хулгайлсан хэмээн Стивен Ли Пик шүүхэд гаргасан өргөдөлдөө дурдсан байна. 2010 оны есдүгээр сард Ли Пик дуучин Кристина Агилера болон түүний нөхөр Жордан Брэтментэй хамт байхдаа Эминем рүү утасдаж, бодож олсон санааныхаа тухай ярьсан гэнэ. Санааг нь сонссон Эминем сурталчилгаанаас олох мөнгөнийхөө 50 хувийг түүнд өгөхөөр тохиролцсон аж. Харин өнөөг хүртэл нэг ч ам.доллар аваагүй тул дуучнаас есөн саяыг нэхэмжилж буйгаа Стивен Ли Пик мэдэгдсэн байна.