Эх орныхоо өмнө Михаил Барклай-де-Толлийн байгуулсан гавьяа нэн их. Тэдгээрийн нэг нь 1812 онд дайны босгон дээр цэргийн тагнуулын албыг байгуулсан явдал юм. Харин энэ тухай мэдэх хүн цөөн байдаг.
Дайн тулааны хийгээд цэргийн жанжны асар их туршлагатай болсон Барклай-де-Толли дайснаа яах гэж байгаа талаарх мэдээллийг тогтмол авч байх нь асар ач тустай болохыг ойлгожээ. Цэргийн яамны сайд болмогцоо Нууц экспедиц гээчийг байгуулах ажилд ханцуй шамлан оров. Тэгээд хоёр жилийн дараа уг ажлаа дуусгаж Онцгой газрыг байгууллаа. Энэхүү Онцгой газар нь маш нууц байдалд ажиллах бөгөөд яамны жил бүрийн тайланд нэрийг нь үл дурдана. Уг газар сайдын шууд мэдэлд байна. Орон тоо нь цомхон. Захирал, гурван ажилтан, нэг орчуулагчтай.
Ажилтнуудыг Барклай өөрөө сонгож авна. Захирлаар нь өөрийн ойрын хүрээллийн хүн, 1799 оны Швейцарийн аянд Суворовын дэргэд байж цэргийн албаа эхэлсэн хурандаа Алексей Войековыг томилжээ. Гэвч 1812 оны гуравдугаар сард түүнийг тодорхой бус шалтгаанаар Барклайн шийдвэрээр биш халж, цэрэг дайны ихээхэн туршлагатай дайчин офицер болох Арсений Закревскийг оронд нь томилсон билээ.
Онцгой газар нь хилийн чанадаас стратегийн мэдээлэл олж авдаг стратегийн тагнуул, хил залгаа улсуудад байрлуулсан дайсны цэргийн тухай мэдээ цуглуулдаг тактикийн тагнуул, Наполеоны тагнуулуудыг илрүүлж, аюулгүй болгох ажил эрхэлдэг сөрөг тагнуул гэсэн гурван үндсэн чиглэлээр ажилладаг байв. Франц ч, Орос ч дайн эхлэхээс хоёр жилийн өмнөөс түүнд бэлтгэж эхэлжээ. Стратеги боловсруулах ажлыг Санкт-Петербургэд Барклай өөрөө удирдав. Тэрбээр 1810 оны нэгдүгээр сарын 18-нд Цэргийн яамны сайд болсон байв. Хүчирхэг дайсан нь дайнд хэрхэн бэлтгэж буй, түүний цэрэг-эдийн засгийн хүчин чадал хэр болох тухай мэдээллээр Оросын командлалыг тогтмол хангаж чадах тагнуулын сүлжээгүйгээр юуг ч төлөвлөх боломжгүйг Барклай сайн ойлгож байлаа. Цэргийн тагнуулын байгууллагын хөтөлбөрийг 1810 оны нэгдүгээр сард хаанд өргөн барьсан илтгэлдээ танилцуулж, тусгай даалгавар хүлээсэн офицеруудыг Элчин сайдын яамд руугаа илгээх зөвшөөрөл өгөхийг хүсчээ.
Хүсэлтийг Александр хаан хүлээн авч, Оросын цэргийн тагнуулуудыг удалгүй гадаад орнууд руу илгээв. Энэ албанд нэр дэвшигчдэд маш өндөр шаардлага тавилаа. Язгууртан гаралтай, гэрийн сайн боловсрол олж авсан хүмүүс Парис, Берлин, Мадридаас мэдээ өгч эхлэв. Хохь тайжийн хүү ч бага даргын сургууль төгсөж, гадаад хэлний мэдлэгээ шалгуулаад Мюнхенийг зорив. Эзэн хааны армийн Жанжин штабт алба хааж байсан голланд, шотланд гаралтай хүмүүс ч Австри, Германд ажиллаж, эр зоригтой, эмх цэгцтэй офицер болохоо харуулж байлаа. Эдгээр офицерийн хамгийн ахмад нь байсан 44 настай В.А.Пренделийн хувь заяа ер бусын. Түүнийг Дрезден рүү явуулсан аж. Тэрбээр залуудаа Францад байж, цаазлуулах ял ч авч байв. Зугтаж амжсан байна. Австрийн цэргийн албанд ороод Суворовын тугийн дор 1799 онд Италид дайтаж, казахуудын отрядыг командалж явжээ. Тэгснээ Оросын армийн хүн болж нууц даалгавар гүйцэтгэх болов. Ийм даалгаврыг I Николай хаанаас ч авч байсан аж. Түүний тодорхойлолтод Барклай өөрөө “Найдвартай, туршлагатай, хичээнгүй ажилтных нь хувьд би хошууч Пренделийг Саксони руу илгээж байна. Түүнд итгэж болно. Олон генерал түүнийг магтдаг юм...” гэж бичиж байв. Ийн ажилласан бараг бүх офицер генерал цол хүртжээ.
Харин Орлов гэгч л 22-хон настайдаа Бородиногийн тулалдаанд өрөөсөн хөлгүй болсноос чөлөөнд гарахдаа хурандаа байсан гэдэг. А.И.Чернышев л гэхэд I Николайн үед цэргийн яамыг удирдаж, хожим нь Сайд нарын зөвлөлийн дарга болсон байна. Энэ чинь эзэнт гүрний хоёрдугаар хүн гэсэн үг. Тэрбээр дайсны үүрэнд Парист тусгай даалгавар биелүүлж байсан аж. Парист байхдаа хаан Наполеонтой дотно харилцаатай байсан төдийгүй ажлын эрх ашгийн үүднээс дүүтэй нь бие, сэтгэлийн холбоо тогтоож байсан ч гэдэг. Австрийн элчин Шварценбергийнд болсон үдэшлэг ид байхад түймэр гарахад орос офицер Чернышев авхаалж гарган олон хүний амь аварснаар Парисын олон нийтэд жинхэнэ баатар гэгдэх болжээ. I Александр хааны итгэлийг хүлээж, бусад хаадад илгээх захидлыг нь зөөдөг байсан түүнийг хойч үеийнхэн нь “шуудан хүргэгч” гэж нэрлэх болжээ. Түүний харилцдаг хүмүүс хийгээд өөрөө овсгоотой сэргэлэн, хүүхэнд дуртай, өөрөөр хэлбэл чихээ дэлдийлгээд байлгүйгээр элдвийг сонсчих боломжтой байсан учраас Чернышев хааны ордон хавиар юу болж буй, Франц улс дайнд хэрхэн бэлтгэж байгаа талаар маш чухал мэдээлэл олж чаддаг байжээ. Энэ байдлаа ашиглан богино хугацаанд Парисын олон нийтийн давхарга бүрт мэдээлэгчдийн сүлжээ бий болгосон байна.
Францын цэргийн яамны албан хаагч Мишель гэгч хамгийн чухал мэдээллээр хангадаг байв. Тэрбээр 15 хоног тутамд Францын зэвсэгт хүчний тоон бүрэлдэхүүний тухай зөвхөн Наполеонд зориулж ганцхан хувь бэлтгэдэг мэдээллийг олж авч чаддаг байжээ. Францын сөрөг тагнуулын байгууллага ч Оросын энэ офицерийг сонирхохгүй байж яахин чадах билээ. Түүний араас байнга ажиглаж, худал мэдээлэгчдийг түүн рүү явуулна. Чернышевт Францын Цагдаагийн яамны сайд Савари гэгч гойд дургүй. Түүнийг Парисаас зайлуулах шалтаг байнга хайна. Оросын энэ офицер бол тагнуул мөн гэсэн агуулгатай өгүүлэл захиалж сонинд хэвлүүлж ч байжээ. Чернышевийн дээр бараан үүл хуралдсаар байсан яг тэр үед мань эр тагнуулч хүнд байж боломгүй алдаа гаргах нь тэр. 1812 оны хоёрдугаар сард Наполеоны захидлыг аваад Петербург рүү явахаар зэхэж байхдаа сэжиг төрүүлж болзошгүй бүх бичиг баримтаа шатаахдаа хивсэн доогуур нэг маш чухал бичиг орчихсоныг анзаарсангүй. Чернышевийг явмагц өрөөнд нь давхиж орсон цагдаа нар тэр бичгийг олж Мишель бичсэнийг үсгийнх нь хэлбэрээр тогтоочихжээ.
Орост хамгийн үнэ цэнэтэй мэдээлэл өгч байсан түүнийг цаазлав. Чернышевийг яаж ч чадаагүй ч Францын цэрэг Оросын хил рүү нэгэнт хөдөлчихөөд байхад армийнх нь командлал олигтой мэдээлэлгүй байсан нь түүний алдааны уршиг байлаа. ...Хүлээж авсан мэдээллийг Онцгой газрын ажилтан, нэрт зохиолч дэд хурандаа П.А.Чуйкевич боловсруулдаг байв. Францын армийн анги нэгтгэлүүд хаана байрлаж байгааг харуулсан газрын зураг 1812 оны нэгдүгээр сард бэлэн болж, Наполеоны дайчдын шилжилт хөдөлгөөнийг түүн дээр тэмдэглэж байжээ. Тагнуулуудын мэдээлэл Францын армийн эхний цуваанд хэдэн цэрэг байгааг таамаглах боломж олгож байсан аж. Наполеоны цэргийн тоо 400-500 мянга байв. Ирээдүйн дайнд Оросын армийн баримтлах стратегийг боловсруулахдаа чухамхүү энэ тоог баримжаа болгосон байна. Оросууд дайсантайгаа шууд тулгарахаас зайлсхийж байв. Барклай болон ерөнхий командлагчийн албыг түүнээс авсан Кутузов ч яг ингэж ажиллажээ.
Дайн дөхөх тусам тактикийн тагнуулын үүрэг нэмэгдэж, ажиллагаа нь идэвхжиж байлаа. Оростой хил залгаа нутаг дэвсгэрээс авсан мэдээг Цэргийн яамны сайдад шууд дамжуулна. 1810 оноос хил орчмын мужуудад байрласан корпусын командлагчид Барклайн тушаалаар тагнуулуудаа хөрш орнууд руу илгээх болжээ. Энэ ажилд нутгийн оршин суугчдыг ч ашиглаж байв. Наполеон гол цохилтоо Дорнод Пруссээс хийх нь гэсэн дүгнэлтийг Барклай тагнуулынхаа мэдээн дээр түшиглэж хийв. Наполеоны армийн хил нэвтрэх өдөр судрыг ч тогтоов. Харин чухам хаагуур цөмөрч орж ирэхийг мэдэхгүй байлаа. Гэлээ ч дайчдаа яг цагт нь байлдааны бэлэн байдалд оруулах гол зорилтоо хангаж чадав. Наполеон тагнуулуудаа Орос руу илгээсэн тухай мэдээллийг хил залгаа орнуудад байгаа хүмүүсээсээ авчээ. Тагнуулын хэрэгт сэжиглэн 98 хүнийг хайж байсан талаар дайнаас өмнөх үеийн Оросын баримт бичгүүдэд өгүүлсэн байдаг. Тэднээс 30 орчмыг нь дайны өмнө болон дайны явцад баривчилж, буудан хороосон байна.
Нэгдүгээр Александр хааны нууц зарлигаар 1812 оны эхээр сөрөг тагнуулын үүрэг хүлээсэн цэргийн цагдаагийн албыг Орост байгуулав. Энэ байгууллагын төлөөний хүмүүсийг дайны эхэн үед байсан гурван армийн дэргэд ажиллуулж, штабын дарга нарт нь захируулав. Тэднийг Наполеоны армийн ар тал руу илгээж байв. “Хэл” олзолдог тусгай бүлэг ч бий болгожээ. Дайсантай хамтарч ажилласан хүмүүсийг илрүүлэх ажлыг бас эд хийдэг байжээ. Тэгэхдээ Цэргийн цагдаагийн ажилтнуудын туршлага бага, орон тоо нь ч цөөн байснаас гойд амжилт гаргаж байсангүй. Гурван жилийн дараа уг албыг өөрчлөн зохион байгуулсан байна. ...Оросын цэргийн тагнуулын байгууллагын 200 жилийн ой энэ жил тохиож байна. Энэ онц чухал албыг хэзээ нэгэн цагт хэдхэн офицер, ажилтнууд нугалж байсан гэж бодоход сэтгэлд багтамгүй. Гэлээ ч Наполеоны армитай хийсэн тэр хүнд хэцүү дайны үед дадал туршлагаг үй цөөн хүнтэй уг алба санаанд оромгүй их үүрэг гүйцэтгэж байжээ.
Р.ЖАРГАЛАНТ