Ливийн удирдагч агсан М.Каддафийн армийн цэргүүд, түүнийг дэмжигчид Триполиос холгүй орших БаниВалид хотыг эзэлсэн тухай “Al Arabiya” мэдээлжээ. Тэд Үндэсний шилжилтийн зөвлөлийн цэргүүдийг хотоос шахан гаргасан байна. Бани-Валид хотод болсон тулааны үеэр дөрвөн хүн амиа алдаж, 20 хүн шархадсан тухай өмнө нь “Al Jazeera” мэдээлж байсан билээ. Үүний зэрэгцээ М.Каддафийн хүү Сейф аль-Исламын эрүүл мэндийн байдал, эрх зүйн статусын талаар мэдээлэхийг Олон улсын эрүүгийн шүүх Ливийн шинэ эрх баригчдаас шаардлаа. Гаагийн шүүх Сейф аль-Исламыг баривчлах зөвшөөрлийг өнгөрсөн оны гуравдугаар сард гаргасан юм. Ливийн эрх баригчид М.Каддафийн хүүг өнгөрсөн арваннэгдүгээр сард баривчилсны дараа түүнийг шүүх хурлыг нээлттэй, шударга, олон улсын эрх зүйд нийцэхээр хийхийг Гаагийн шүүх анхааруулж байсан билээ. Ливийн баруун хойд хэсэгт орших Зинтан хотод хоригдож буй Сейф аль-Исламыг хэзээ, хэрхэн шүүх, түүнд өмгөөлөгч бий, эсэх нь одоог хүртэл тодорхойгүй байгаа аж.