Армянчуудыг хоморголон устгаж байсныг үгүйсгэвэл хариуцлага хүлээлгэх тухай хуулийн төслийг Францын парламент хэлэлцэж дэмжжээ. Тус улсын Парламентын дээд танхим буюу Сенат найман цагийн турш уг төслийг хэлэлцсэний дүнд батлахаар шийдвэрлэсэн байна. Сенатын 127 гишүүн уг хуулийг батлахыг дэмжиж, 86 нь эсэргүүцэж буйгаа илэрхийлсэн аж. Османы эзэнт гүрний үед армянчуудыг үй олноор нь устгаж байсныг үгүйсгэсэн хүнд нэг хүртэлх жилийн хорих ял оноох, эсвэл 45 мянган еврогоор торгох заалтыг уг хуульд тусгажээ. Үүний зэрэгцээ Францын эрх баригчид уг хуулийг дэмжсэн нь хариуцлагагүй явдал хэмээн үзэж буйгаа Туркийн эрх баригчид илэрхийллээ.
Туркийн Гадаад хэргийн яамнаас гаргасан мэдэгдэлд “Францын Сенатын уг шийдвэртэй тэмцэхийн тулд шаардлагатай арга хэмжээг авна” гэж өгүүлжээ. Мөн Парис дахь Туркийн ЭСЯ-ны төлөөлөгч Энгин Солакоглу энэ хууль хоёр улсын харилцаанд цав суулгана хэмээн мэдэгдсэн байна. Тус улсын Ерөнхий сайд Тайип Эрдоган уг хуулийг баталбал Францаас Элчин сайдаа эргүүлэн татахаа өмнө нь анхааруулсан юм. Францын эрх баригчдын гаргасан энэ шийдвэр шударга бус, сонгууль угтсан шоу хэмээн тэрбээр үзэж байна. Францын улстөрчдийн дунд маргаан дэгдээсэн уг хуулийг дэмжсэн явдалд Армений эрх баригчид талархлаа илэрхийлэв.
Армений Гадаад хэргийн сайд Эдвард Налбандян “Армянчуудыг хоморголон устгасан явдлыг үгүйсгэсэн хүнд хуулийн хариуцлага хүлээлгэх хуулийг баталж буй Францын Ерөнхийлөгч, Сенатад ард түмнийхээ өмн өөс талархал илэрхийлье” хэмээн өгүүлжээ. Мөн хүний эрхийг дээдэлдэг улс орон бүр ийм хууль санаачлахыг тэрбээр уриалав. Османы эзэнт гүрний эрх баригчид (Одоогийн Туркийн нутаг дэвсгэр) Умард Кавказаас Ижил мөрнийг хүртэлх нутгийг эзлэн авахад нь саад болж, мөн лалын шашинд орохоос татгалзсан армянчуудыг 1915-1923 онд үй олноор нь хоморголон устгаж, шахан гаргаж, биологийн туршилтад ашиглаж байсан билээ. Энэ цуст аллагын дүнд 1-1.5 сая армян амь үрэгдэж, хэдэн сая хүн өөр улсууд руу дүрвэн гарсан хэмээн түүхчид үздэг.
Х.ОД