Гуяных нь дээхэн талд буглаа үүсээд, дүүргийн эмнэлгийнхээ мэс заслын тасагт хандсан иргэнийг эмч нь олон хүний дэргэд шууд “Өмдөө тайл” гэсэн байгаа юм. Санаа нь зовсон үйлчлүүлэгч “Буглаа шархтай хүнийг ядаж үзлэгийн өрөөнд оруулдаггүй юм уу” хэмээн бараг гуйж байж боолтын тасагт очсон тухайгаа ярьсан. Эмчийг тийн дээрэнгүй хэлэхэд өрөөнд нь хоёр, гурван эмч, сувилагч ажлаа хийж байсан гэх. Өрхийн эмнэлгүүдэд ч ийм явдал хавтгайрсан. Тэр дундаа зүрхний бичлэг хийлгэхээр ирсэн ахмадуудыг нэг жижигхэн өрөөнд бөөнд нь оруулаад, хүлээлгээд суулгачихдаг. Хамаг хувцсыг нь тайлуулаад, дургүйлхсэн нэгнийг нь “Та одоо хэндээ сайхан харагддаг юм. Хөгширчихөөд маягтай юм бэ” гэж зандарч загнаад хэнхдэг цээжийг нь ил гаргаад хэвтүүлчихдэг гэж байгаа.
Нас өндөр, дээр нь өвдсөн бол хүн биш үү. Үйлчлүүлэгчдээ өвдсөн ч нэр төртэй, гоо зүйтэй байх язгуур эрхийг нь хүндэтгэж мэддэггүй ийм эмч нараар салбар дүүрсэн гэхэд хилсдэхгүй ээ. Өөрөөр хэлбэл, өвчтэй хүмүүсийн эрх энэ мэт эмнэлгийн орчинд олон хэлбэрээр зөрчигдсөөр байгаа юм.
Дээр дурдсанчлан өвчтөн, үйлчлүүлэгч нар эмнэлгийн яаралтай тусламжийн тасгаас авхуулаад хэвтэн эмчлүүлтлээ, эдгэрээд гарахдаа ч эрхээ зөрчүүлж, доромжлуулах нь энүүхэнд болсон. Ихэнх эмнэлгийн яаралтай тусламжийн хэсэг нь байр, талбайн хүрэлцээгүйгээс олон ор эгнүүлэн тавьсан байдаг. Янз бүрийн шалтгаанаар тусламж, үйлчилгээ авах гэсэн, аврал эрсэн хүмүүсийг эмч нар үзэж, оношлохдоо, тариа дусал хийхдээ хүртэл олны дунд нүцгэлүүлэх “дуртай”. Түүндээ огтхон ч эмзэглэдэггүй бөгөөд эсэргүүцсэн нэгнийг “Хувийн эмнэлэгтээ оч, манайх ямар загварын тайз уу. Өчнөөн хүн хүлээж байхад чамтай айлгүйтэх зав алга” гэж хөөсөн тохиолдол ч байна. Эмнэлгийн орны хооронд тусгаарлах хаалт тавихаа байг гэхэд халхлах хөшиг ч заримд нь байдаггүй нь өрөвдөлтэй.
Эмнэлгүүд эмчилгээ, үйлчилгээгээ сайжруулъя, чанар, хүртээмжээ нэмэгдүүлье, орны тоогоо олшруулъя, тоног төхөөрөмжөө шинэчилье, барилга байшингаа томсгоё, хүний нөөцөө бэхжүүлье л гэхээс биш үйлчлүүлэгчээ бодсон, тэдний сэтгэл ханамжийг дээшлүүлэх талаар огтхон ч ярьдаггүй нь харамсалтай. Эмнэлэг бүр дотоод журамтай байдаг ч хамгийн сайн мөрддөг заалт нь төлбөртэй үйлчилгээ гээд бод. “Манай дотоод журамд ингэж заасан. Захирлын тушаал энэ байна. Та ийм тохиолдолд төлбөртэй үйлчлүүлнэ. Тийм үед гаднаас эм, тариа оруулна” гэдгийг харин ч сайн тайлбарлана. Тэгсэн хэрнээ эмнэлгийн дотоод орчинд эмч, өвчтөний болон үйлчлүүлэгчдийн хоорондох, мөн ар гэрийнхний харилцаа хандлагыг зохицуулсан дүрэм, журам бараг байхгүй. Эргэлтийн цагийн хуваарийг харин сайн мөрдөнө шүү.
Бас ЭХО, рентген зэрэг оношилгоо, шинжилгээний тасгуудын хаалган дээр “Гаднын хүн орохыг хориглоно” гээд биччихсэн байдаг. Гэвч энэ нь эмч нарт үйлчилдэггүй. ЭХО-д “харуулж” байхад эмч, мэргэжилтнүүд нь орж, гарч л байдаг. Бүр мазокийн шинжилгээ авч байхад хүртэл ар, өврөөр нь хээвнэг холхидог гэх. Хамгийн хачирхалтай нь эмч, сувилагч нар үүнийгээ юманчинээ боддоггүй. Үйлчлүүлэгчийнхээ онош, өвчний түүхийн талаар нэгэндээ шивэр авир хийдэг нь ч бий аж. “Хөөх, өвчнөө ингэтэл нь хүндрүүлчихсэн юм уу. Энэ арай хэтэрнэ ээ. Тэр тасгийн Г-гийн өвчин нь бүр “аймар” болчихсон юм билээ” гэх зэргээр хоорондоо ярихыг нь сонссон үйлчлүүлэгч ч байна. Эрүүл мэндийн болон бусад хуулиар ч энэ нь хориотой гэдгийг зарим нь мэддэггүй аж.
Улс, хувийн эмнэлгийнхэн ялгаагүй Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж буй салбарын холбогдох хууль, журмуудыг дагах үүрэгтэй. Үүний дотор эмч, үйлчлүүлэгчийн харилцааг хамгийн сайн зохицуулсан Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм гэж бий. Тус дүрмийн зарим онцлох заалтыг хүргэе.
Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрмийг Монгол Улсын нутаг дэвсгэрт тусламж, үйлчилгээ үзүүлж буй төрийн болон хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагын бүх эмч, мэргэжилтэн, ажилтан дагаж мөрдөнө гэж заасан байдаг. Дүрмийн ёс зүйн тулгуур зарчимд эмнэлгийн мэргэжилтэн нь хүнлэг, энэрэнгүй байх, үйлчлүүлэгчид хүндэтгэлтэй, хүн бүрд тэгш хандахыг зааж, үл ялгаварлахыг хориглосон. Тэр дундаа хүний язгуур эрхийг хүндэтгэн хамгаалах, хүлээцтэй харилцах, нууцыг чандлан хадгалахыг хуульчилжээ. Мөн мэргэжил, мэргэшсэн давуу байдлаа ашиглан эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэхээс татгалзах, саад тотгор учруулах, өвчний түүх болон үйлчлүүлэгчийн нууцтай холбоотой бичиг баримтыг зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулахыг хориглож. Түүнчлэн тус дүрмийн 5.4-т “Эмнэлгийн мэргэжилтэн нь үйлчлүүлэгчид тусламж, үйлчилгээг хөндлөнгийн саадгүй орчинд үзүүлнэ” гэж заажээ. Тэгвэл 5.10-т “Үйлчлүүлэгчтэй холбоотой мэдээллийн нууцыг Хувь хүний нууцын тухай хууль (Хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хууль)-ийн зургаадугаар зүйлд зааснаас бусад тохиолдолд нас барсных нь дараа ч чандлан хадгална” гэсэн байна.
Тэгвэл саяхан ХСҮТ-ийн нэгэн эмч сэрэмжлүүлэх нэрийдлээр үйлчлүүлэгчийнхээ өвчтэй хэсгийн зургийг нийгмийн сүлжээнд нийтэлж, “од” болсон. Гэтэл үүнийг санаатай болон санамсаргүйгээр ч олон нийтэд дэлгэх хориотой. Тухайн үйлчлүүлэгчийг нас барсан талаар ч эмч бичсэн байв. Тангараг өргөсөн эмч хүн үйлчлүүлэгчийнхээ хувийн нууцыг үхсэн хойно нь ч хадгалдаг онцгой ажил, мэргэжилтэйгээ ухамсарладаг баймаар сан.
Дээрх ёс зүйн дүрмийн хүн бүрд тэгш хандаж, үл ялгаварлах зарчимд хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсрол, эрүүл мэндийн байдал, бэлгийн хандлагаар нь ялгаварлан гадуурхахгүй, адил хандана гэсэн байсныг дахин сануулъя. Эмнэлгийн мэргэжилтний ёс зүйн дүрэм нь ийм тодорхой, ойлгомжтой заалтуудтай атал манай эрүүл мэндийн байгууллагынхан огтхон ч мөрддөггүй юм байна.
Нөгөөтээгүүр, эрүүл мэндийн байгууллагын дотоод орчинд үйлчлүүлэгчдийн хоорондын харилцааг зохицуулсан онцгойлсон дүрэм журамгүйгээс эмнэлэгт хэвтсэн хүмүүс эмчлүүлэх гэхээсээ ядаргаанд ороод гарах нь ч бий. Тухайлбал, хүүхдийн тасагт гэхэд л эцэг, эхчүүд нь зүсэн зүйлийн амттан, хийжүүлсэн ундаа, чипс, шарсан тахиа гаднаас оруулж, бусдыгаа “хорлоно”. Тасагт өмсдөг углааш, халаадтайгаа гараад алга болчихно. Насанд хүрэгсдийн хэвтэн эмчлүүлэх тасагт мөн л өдөр, шөнөгүй утсаар чанга ярьж, инээж хөхрөлдөнө. Ар гэрийнхэн рүүгээ дүрстэй дуудлага хийж, бусдын эрхэд бүдүүлгээр халдах юу ч биш аж.
Эмнэлэгт үйлчлүүлэгчид нь ч нэгнийгээ хүндэлдэггүй, эмч, ажилтнууд нь ч өвчтөнөө хүн гэж боддоггүй. Тийм нэг соёлгүй, харанхуй бүдүүлэг нийгэм рүүгээ халтираад байх шиг ээ, бид. Ядаж эмч нар нь аль ч цаг үед, хэзээ, хаана, ямар ч тохиолдолд өргөсөн тангарагтаа үнэнч ажилладаг баймаар. Ёс зүйн дүрмээ ч мөрдөх л ёстой сон.