Өвөрмонголын өөртөө засах орны соёлын өдрүүд “Хятадыг танин мэдэх нь” сэдвийн хүрээнд Улаанбаатар хотноо үргэлжилсээр байна. Тухайлбал, өчигдөр Соёлын төв өргөөнөө бие хамгаалах урлагийн Шаолинь Үшүгийн үзүүлэх тоглолт болж, олон хүнийг нүдийг баясгаж, гайхширлыг төрүүлэв. Киноноос л үзэж хардаг байсан уран яруу үшүгийн хөдөлгөөнийг тайзнаас үзэж бахдав. Хятадын Шаолины Үшүгийн тусгай үзүүлбэр нь дэлхийн 80 гаруй улс орон, бүс нутгийг тойрон аялан тоглосон соёлын гайхамшигт бүтээл юм.
Үзүүлбэр таван хэсгээс бүрдсэн. Эхний үзүүлбэр бие хамгаалах урлагийн эх үндэс, удаах нь хэв маяг байсан бол гуравт тайчи байв. Дөрөвт бие хамгаалах урлагийн техник, тавд бие хамгаалах урлагийн хэмнэлийг үзүүлж, үзэгч олныг дуу алдуулсан. Үзүүлбэр эхлэхийн өмнө нээлтийн үгийг БНХАУ-ын ӨМӨЗО-ы Ардын Засгийн газрын Гадаад харилцаа, хэвлэл, мэдээллийн албаны дарга, ноён Жян Шиньхуй хэлсэн. Тэрбээр “Хятад, Монгол хоёр бол уул усаараа холбогдсон найрсаг хөрш.
ӨМӨЗО нь Монголтой хил залгаа Хятадын мужийн хувьд Ши Жиньпин даргын дэвшүүлсэн найрсаг, чин сэтгэлийн, харилцан ашигтай, хүртээмжтэй байх үзэл баримтлалыг чанд мөрдөн, хөршүүдтэйгээ сайн найз, түнш байх дипломат бодлогыг баримтлан, хоёр орны төрийн тэргүүн нарын тохиролцсон нийтлэг ойлголтыг тууштай хэрэгжүүлж, Монгол Улстай газар зүйн хувьд ойр, соёлын хувьд ажил төстэй зэрэг давуу талаа бүрэн дүүрэн ашиглаж, хоёр орны худалдаа эдийн засаг, соёл, эрүүл мэнд, экологи, боловсрол гэгээрэл зэрэг олон салбарын хамтын ажиллагаанд чухал үүрэг гүйцэтгэж, Хятад, Монгол хоёр орон олон салбар дахь ажил хэрэгч хамтын ажиллагааг эрчимжүүлэх, найрамдлыг бэхжүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байна. Энэхүү Соёлын өдрүүдийн үйл ажиллагаа нь хоёр орны соёлын солилцоог хөгжүүлж, ард иргэд харилцааг гүнзгийрүүлэхэд илүү бат бөх суурь болно гэдэгт итгэлтэй байна” хэмээсэн юм.
А.Даваажаргал: Гурван улсын нутаг дэвсгэр дэх түүхэн жимээр аялах таатай нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна
Үүний дараа ССАЖЗЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга А.Даваажаргал уг соёлын өдрүүдийг уламжлал болгож 12 дахь жилдээ зохион байгуулж буйгаа онцолсон. Улмаар манай хоёр улс аялал жуулчлалын салбарт хамтарч ажиллах өргөн боломж нээгдсэнийг тодотгосон. Түүнээс цөөн асуултад хариулт авлаа.
- “Хятадыг танин мэдэх нь” соёлын өдрүүдийн ач холбогдлын талаар мэдээлэл өгөхгүй юү?
-Монгол, Хятад хоёр улсын соёлын харилцаа жилээс жилд өргөжин тэлж, хоёр улсын сонгодог бүтээлийг харилцан орчуулах, соёлын чиглэлээрх хурал чуулган, уулзалт, наадмыг харилцан зохион байгуулж байна. Тухайлбал, Үндэсний урлагийн их театр, спорт цогцолборын барилга байгууламжийг бүтээн байгуулах, соёл, урлагийн наадамд урьж оролцуулах зэрэг олон агуулгатай тасралтгүй хөгжиж ирсэн юм. Аль аль улсынхаа үндэсний соёлыг хүндэтгэж үзэх, соёлын ижил төстэй онцлогоор бүс нутагтаа болон дэлхий дахинд танигдах чиглэлд хамтран ажилласаар ирлээ.
-Тухайлбал, соёлын ямар чиглэлд хамтын ажиллагаагаа өргөжүүлж ирэв?
-Монгол, Хятад, Орос улсын “Цайны зам” соёлын аялал жуулчлалын маршрутыг бий болгох, хоёр улсын соёл, аялал жуулчлал, спорт, залуучуудын солилцоог нэмэгдүүлэх чиглэлээр идэвхтэй хамтран ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Монгол Улс, БНХАУ, ОХУ-ын нутаг дэвсгэрээр нийтдээ 14 000 км үргэлжилдэг “Цайны их зам”-ын түүхтэй. Аялал жуулчлалын маршрут тогтоох, гурван улсын нутаг дэвсгэр дэх түүхэн жимээр аялах таатай нөхцөлийг бүрдүүлэхээр ажиллаж байна.
-Тусгай маршрутаа дэлгэрүүлж яриач. Жишээ нь Монголын нутагт хэчнээн ам.метр талбайг хамарч аялах боломжтой вэ?
-Одоогоос 300 гаад жилийн өмнө 14 000 км үргэлжилдэг замыг туулж аян хийдэг байжээ. Хятад улсаас гаралтай цайны соёл, цайны ачаа тээврийг Монголын нутаг дэвсгэрээр хойшоогоо тээвэрлэж, одоогийн Санкт-Петербург хотод хүргэдэг байсан. Дэлхийн хамгийн урт худалдааны зам. Монголын нутаг дэвсгэрээр дамжихаас гадна одоогийн Хиагт хот орчим хамгийн том ложистик нь байсан. Үүнийг дэлхийн ЮНЕСКО-гийн өв бүртгүүлэхээр гурван улс хамтран ажиллаж эхэлсэн. Дараа нь уг маршрутыг аялал жуулчлалын бүтээгдэхүүн болгох талаар ажиллана. Монголын нутаг дэвсгэрт 1200 км замыг туулж дамжин өнгөрөхдөө 20 орчим өртөөгөөр туулж ирэх юм билээ.
Хүн төрөлхтний хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн эртний худалдааны замын нэг “Цайны их зам” нь олон улс орны янз бүрийн соёлыг холбож, зам дагуух газар орон бүрт өвөрмөц түүх, соёлыг бий болгосон “Торгоны их замын” дараах чухал зам юм. Хятадаас эхлэлтэй цайны замын өртөө хотууд, Хятад, Монгол, Оросын цайны өв соёл, түүхийн дурсгал, цайны замаар тээвэрлэгдсэн соёлын уламжлалыг бүхэлд нь илэрхийлэх түүхэн маршрутыг ирэх онд тогтоож дуусах нь ээ.
Хятадын Фүжянь мужийн Ү’й уулсаас эхлэн Жянши, Анхуй, Хунань, Хүбэй, Хэнань, Шаньси, Хубэй, Өвөр Монгол зэрэг есөн муж, Монгол орны уудам говь тал Их Хүрээ, Маймай хот, Улиастай, Ховд, Алтанбулаг улмаар Оросын Санкт-Петербург хот хүртэл замнадаг цайны замын соёл нь өвөрмөц түүх, уламжлалыг хүн төрөлхтний түүхэнд оруулсан юм.