Улсын урдаа барьдаг томоохон эмнэлгийн сувилагч Т эмнэлгүүдэд эдүгээ үүсээд буй нэгэн ноцтой нөхцөл байдлын талаар ярьсан юм. Тэрбээр “Эрүүл мэндийн даатгалын сан (ЭМДС) мөнгөгүй болсон хэмээгээд эмнэлгүүдийн санхүүжилтийг энэ жилээс эрс танасан. Үүнээс үүдээд томоохон аппарат хэрэгслийн урвалж бодис, хангамж байнга тасардаг болов. Эвдэрсэн тоног төхөөрөмжөө ч засуулж чадахгүй, эмч, ажилтнууд ч цалингаа бүрэн авч чадахаа байсан. Бид уг нь үр дүнгийн урамшуулал авдаг юм. Гэтэл эмнэлэг цалингаа цагтаа тавихгүйн дээр энэхүү урамшууллаа ч өгөхөө больсон. Эдгээр шалтгаанаар эмч нар дайжиж эхэллээ. Ажлаасаа олноороо гарч буй гэсэн үг. Бусад эмнэлэгт ч нөхцөл байдал адил гэж дуулсан. Манай эмнэлэг гэхэд мэдээгүйжүүлгийн эмчгүй болчихсон гээд бод доо. Өдөр, шөнөгүй өчнөөн хагалгаа хийдэг улсын тусгай мэргэжлийн төв эмнэлэг ийм эмчгүй болно гэдэг эмгэнэл” гэж ярьсан юм.
Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбоо (МЭМАҮЭХ)-ноос “Хөдөлмөрийн үнэлэмж, амьдралын баталгаа” нэртэй тайван жагсаалыг өнгөрсөн сард зохион байгуулсан билээ. Тэд эрүүл мэндийн салбарыг төр засаг онцгой анхаарч, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийн үр дүнгийн урамшуулал, шөнийн цагийн нэмэгдлийг хуулийн дагуу олгож, цалин хөлсийг нь нэмэхийг шаардсан. Эрх баригчдад ч тодорхой шаардлагуудыг хүргүүлсэн бөгөөд тэд энэ талаараа саяхан хэвлэлийн хурал хийсэн юм. Тус холбооны дарга Ч.Нарантуяа “Эрүүл мэндийн салбарын зардлыг гүйцэтгэлээр нь санхүүжүүлдэг болсноос хойш эмч, ажилтнуудын цалин, урамшууллыг хэд хэдэн удаа тасалдуулж байсан. Энэ жилээс бүр хэтэрлээ. Эрүүл мэндийн даатгалын сан хоосорсон байна. Тиймээс эл асуудлыг салбар дотроо шийдэх ямар ч боломжгүй. Үүнд төрийн нэгдсэн бодлого, оролцоо зайшгүй шаардлагатай. Санхүүжилтийн системийг өөрчлөх, даатгалын сангаас өнгөрсөн хугацаанд алдагдсан мөнгөнүүдийг буцаан байршуулах, эмч, ажилтнуудын цалинг цагт нь тавьж, эмнэлгүүдийн хэвийн үйл ажиллагааг хангахгүй бол горьгүй нь” гэсэн юм.
Түүний энэхүү мэдэгдэл, дээрх сувилагчийн яриа салбарын хэмжээнд нөхцөл байдал хэрхэн хүндэрснийг илтгэх буй за. Угаас манай улсын төрийн өмчийн эрүүл мэндийн байгууллагууд асрагч, сувилагчаас өгсүүлээд нарийн мэргэжилтнүүдийн хомсдолд ороод удаж буй. Эл салбарт 66.3 мянган хүн ажиллаж байгаагийн 50 орчим хувь нь хувийн эмнэлэгт гэхээр улсынхад хүний нөөц хэр дутагдалтай нь харагдана. Хүүхдийн эмч гэхэд л 10 мянган хүн тутамд 6-7 л ногддог гэхчлэн салбарт тулгамддаг эдгээр асуудал дээр цалин хангамжийн дутагдал нэмэгдсэнээр өчнөөн хүн ажлаа орхиж буй нь харамсалтай.
Эмнэлгүүдийн үйл ажиллагаа алдагдаж, эмч нар олноороо ажлаасаа гарах болсон шалтгаан нь тодорхой. Ерөөсөө л ЭМДС-гийн төсөв, санхүүжилтийн асуудал юм. Эрүүл мэндийн салбарын санхүүжилтийг нэг худалдан авагчийн тогтолцоонд шилжүүлж, бүх төсвийг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газар (ЭМДЕГ)-т төвлөрүүлэн, хуваарилдаг болсноос хойш ЭМДС дампуурч эхэлсэн гэж хэлж болно. Сангийн энэ оны эхний есөн сарын байдлаарх зарлага гэхэд л нэг их наяд 494.5 тэрбум төгрөгт хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 333 тэрбумаар хэтэрсэн үзүүлэлттэй гарсан. Тэгвэл эл хугацаанд хамаарах даатгуулагчдын шимтгэлийн орлого ердөө 572.3 тэрбум төгрөг байгаа. Өөрөөр хэлбэл, шимтгэлийн орлогоосоо бараг гурав дахин их хэмжээний мөнгийг эрүүл мэндийн салбарын тусламж, үйлчилгээнд зарлагадчхаад буй.
Өнгөрсөн жилүүдэд ч ЭМДС-гийн орлого, зарлага тэнцэхгүй, байнгын алдагдалтай явж ирснээс санхүүгийн чадамж нь өнөөдөр ийн тартагтаа тулжээ. Даатгалын сангийн мөнгө шавхагдан, улсын эмнэлгүүдээ ч санхүүжүүлж хүчрэхээ больж, өчнөөн өр төлбөрт уначхаад байгааг бид өмнө нь ч мэдээлж л байсан. ЭМДЕГ улс, хувийн эмнэлгүүдээс тусламж, үйлчилгээ худалдаж авдаг л байгууллага болж хувирсан. Гэрээт эмнэлгүүдийнхээ амны зоргоор нэхэмжилсэн мөнгийг нь өгч, давраасаар адаг сүүлдээ эмч нарынхаа ч цалинг цагт тавьж чадахгүйд хүрсэн байна. Үүнд төсөв захиран зарцуулагч ЭМДЕГ-ынхан буруутай атал одоо болтол юу ч болоогүй мэт нүдэн балай, чихэн дүлий суугаа. Салбарын санхүүжилт нь ийн “ганхаж савлаж” байхад ямар ч хариу арга хэмжээ авахгүй байгаа нь хачирхалтай. Даатгалын сангийн 2022 оны нийт өр 60.5 тэрбум байсан бол өнгөрсөн онд 218.3 тэрбум төгрөгт хүрч, 3.6 дахин өсчихөөд буйг Үндэсний аудитын газрынхан хэдийн тогтоосон. Иргэдэд үзүүлсэн гэх тусламж, үйлчилгээгээ ЭМДС-д “зарж” их хэмжээний ашиг олдог эмнэлгүүд, төсвөө захиран зарцуулж чаддаггүй ЭМДЕГ-аас болж иргэд л хохирсоор байна шүү дээ.
Манай улсын эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардал жил ирэх тусам нэмэгдсээр байгаа. Энэ оны эхний есөн сарын зөвхөн тусламж, үйлчилгээний зардал 1.4 их наяд төгрөгт хүрснийг Үндэсний статистикийн хорооны тайлангаас харж болно. Тэгвэл энэ жилийн ЭМДС-гийн нийт төсөв түүхэндээ анх удаа хоёр их наяд 2.2 тэрбум давлаа. Үүний 893.8 тэрбум төгрөгийг даатгуулагчдын шимтгэлийн орлогоос бүрдүүлнэ гэж төсвийн төсөлд дурдсан байдаг. Үлдсэнийг нь улсын төсвөөс гаргуулахаар тусгасан. Үүнд төр зардлыг нь хариуцах тусламж, үйлчилгээний зардал болон зорилтот бүлгийн иргэдийн шимтгэл нийлээд ЭМДС-гийн 55.4 хувийн санхүүжилтийг төрөөс олгожээ, энэ онд. Өөрөөр хэлбэл, даатгалын сангийн алдагдлыг шимтгэл төлдөг ажилчин ангийнхан бид давхар төлдөг гэсэн үг. Тэгсэн хэрнээ тулсан үед тусламж, үйлчилгээ авах гэхээр ийм ч урвалж дууссан, тийм ч шинжилгээ хийхгүй байгаа, энэ ч аппарат эвдэрсэн, тэр ч төхөөрөмж ажиллахгүй хэмээгээд хавьтуулдаггүй. Энэ жилийн даатгалын сангийн хоёр их наядын төсөв хэрхэн хэтрэхийг ч таашгүй. Жилд дунджаар сангийн орлого, зарлагын зөрүү 200, 300 тэрбумаар тоологддог болчихсон. Тэгвэл 2025 оны ЭМДС-гийн төсвийг 2.5 их наяд төгрөг байхаар тусгасан байна лээ. Саяхан л эрүүл мэндийн салбарын зардал их наядаас хэтэрдэггүй байв. Тусламж, үйлчилгээний зардал нэмэгдэх хэрээр бид төвөг чирэгдэлгүй л үйлчлүүлэх ёстой баймаар. Гэвч эмнэлгүүдээр үйлчлүүлэх улам л хэцүү болж, сүүлдээ үзүүлэх эмч ч олдохоо болих нь.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан ч ЭМДС-гийн санхүүгийн нөхцөл байдал хүндэрснийг мэдээлсэн. Түүний сангийн орлогыг тэнцвэржүүлэх арга нь шимтгэлийг нэмэгдүүлэх арай биш байлгүй дээ. Эмч нарын жагсаалыг далимдуулаад төсвөөс хариуцан төлдөг иргэдийн эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг гурван хувь болгон нэмэгдүүлэхийг шаардсан байна, цаана чинь. Эмч, мэргэжилтнүүд ч татвар төлөгчид. Тиймээс тэд хэзээ ч татвар нэм гэж жагсахгүй нь ойлгомжтой. Энэ санаа нь Т.Мөнхсайханы явуулга гэдгийг ч салбарынхан нь шүүмжилж байсан. Татвар нэмэх замаар асуудлыг шийдэх нь ч нэгэнт оройтсон арга гэдгийг тэд хэлнэ лээ.
Нийслэл дэх төрийн аудитын байгууллагынхны хийсэн “Эрүүл мэндийн даатгал, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоо, үр нөлөө”-ний хяналт, шалгалтаар ЭМДЕГ-ынхан сангийн хөрөнгийг үр ашиггүй зарцуулж ирснийг илтгэх зөрчлүүд илрүүлсэн билээ. Тухайлбал, ЭМДЕГ даатгалын сангийнхаа санхүүжилтийг хянаж байгаа ч одоо болтол гүйцэтгэлээ бодитой үнэлж, тайлагнаж сураагүй. Гүйцэтгэлийн санхүүжилтийн системийг нэвтрүүлснээс хойш ЭМДС-гийн орлого, зарлагын төсөв, төлөвлөгөөг эрэлт, хэрэгцээнд тулгуурлан баталдаггүй гэх мэт. Эмнэлгүүдтэй тусламж, үйлчилгээ худалдан авах гэрээ байгуулахдаа ч Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн тогтоол, зааврыг баримталдаггүй зэрэг алдаа дутагдал цөөнгүй гаргасан гэж аудиторууд дүгнэсэн.
ЭМДЕГ ард иргэдээ өвдөхөөс урьдчилан сэргийлэхэд голлон анхаарч, санхүүжилтээ тийш чиглүүлэх, өвдсөн үед нь эрсдэлийг нь үүрэлцэх гэж ЭМДС-г хариуцан ажиллуулдаг. Даанч энэ үүргээ биелүүлдэггүй, тусламж, үйлчилгээ худалдаж авдаг л газар болчихсоныг дахин сануулмаар байна. Эрүүл мэндийн салбарын бүтэн жилийн төсөвтэй дүйх хэмжээний мөнгийг хэдхэн сард “цацчихаад” огтхон ч эмзэглэдэггүй, эрх дарх нь дэндсэн ЭМДЕГ-ынханд хариуцлага тооцохгүй бол болохгүй нь ээ. Үнэндээ тус байгууллага татвар төлөгчдийн, даатгуулагчдын мөнгөөр дураараа “тоглодог” л газар болчихлоо шүү дээ.