УИХ-аар ирэх оны төсвийн төслийг үргэлжлүүлэн хэлэлцсээр байна. Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийн усыг шахаж, үрэлгэн, оновчгүй зардлуудыг танах нь УИХ-ын ажил. Гэтэл тойргоос сонгогдсон гишүүд эсрэгээрээ зардал нэмэх санал гаргаж, дэмжигдээд явж байна. Тэд тус бүрдээ таван тэрбум төгрөг хуваарилуулахаар “ажиллаж” буй юм.
Ирэх онд төсвийн орлого 36.8, зарлага 35.8 их наяд, суурь тэнцэл 1.9 их наяд төгрөгийн ашигтай байна гэсэн төслийг Засгийн газраас оруулж ирсэн. Төсвийн зарлага нь сонгуулиар МАН, АН-ын амласан, ДНБ-ий 20-25 хувиас хэдийн давж, 37.7-д хүрчээ. Гэтэл үүнийг хэмнэх, хасахын оронд хамгаалахын төлөө УИХ-ын олонх нэгдэв.
12 тэрбум төгрөгөөр Олон улсын соёлын төв барих зардлыг хасах тухай гишүүний саналыг чуулганы хуралдаанаар “андуураад” дэмжчихсэнээ мэдмэгц сандралдаж, “Төхөөрөмж ажилласангүй” гэдэг шалтгаанаар дахин санал хураасан байна. Ингээд соёлын төвөө барихаар болсон байлгүй яах вэ. Энэ мэтээр хувийн болон намын эрх ашгаа хамгаалахын төлөө олонх “баг болж” ажиллаж буй аж. Төсвийн зардлыг ДНБ-ий бараг 40 хувьд хүргэх гэж буй энэ бүх үйлдлийг гишүүн Д.Энхтүвшин “Бүлэг залилангийн хэрэг” хэмээн тодорхойлно лээ.
260 тэрбум төгрөгөөр төрийн байгууллагуудад тавилга авна
Эрчим хүчний салбарын алдагдлын хэмжээ 357 тэрбум төгрөгт хүрсэн учраас үүнийг нөхөхийн тулд үнэ нэмэх шаардлагатай хэмээн мэдэгдсэн. Энэ сараас бид нэмэгдэл үнээр цахилгаан хэрэглэнэ. Эрчим хүчний үйлдвэрлэлийн бодит өртөг 256 төгрөг байгаа ч иргэдэд 140 төгрөгөөр нийлүүлснээс энэ бүхэн үүдсэн аж. Гэтэл энэ байтугай мөнгийг улсын төсвийн төслөөс хэмнэх боломж байгаа юм. Тухайлбал, 1.9 их наяд төгрөгийг бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээнд зориулан хуваарилжээ. Гишүүн Г.Тэмүүлэн чуулганы хуралдааны үеэр үүний талаар “Энэ бүхэн төсвийн зардлын таван хувьтай тэнцэж байгааг УИХ онцгой анхаарах ёстой. Бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээний зардал 2017 онд 324, 2023 онд 957 тэрбум төгрөг байсан бол өнөөдөр 1.9 их наяд төгрөг боллоо. Хоёр жилийн дотор нэг их наядаар зардал нэмэгдэх нь хэвийн юм уу. Эрүүл мэнд, боловсролоос бусад яамны энэ төрлийн зардлаас 30 хувийг нь танах ёстой” гэсэн юм. Гэтэл Төсвийн байнгын хорооноос байгуулсан зардал хянах ажлын хэсгийнхэн үүнийг нягтлаад “32 тэрбум төгрөгөөс илүүг хасах боломжгүй юм байна” гэж дүгнэснийг Ц.Даваасүрэн дарга нь мэдэгдсэн. Сангийн сайд Б.Жавхлан ч “Гадаад зээлийн санхүүжилтээр хэрэгжиж буй зарим төслийн гүйцэтгэл энэ зардалд багтсан учраас өсөж харагдаж байгаа юм. Дорноговь аймаг дахь нефть боловсруулах үйлдвэр, Төв цэвэрлэх байгууламжийн ажил зэргийг бушуухан дуусгахын тулд зээл ашиглалт нэмэгдэж байгаа” гээд хэрэв уг зардлаас хасвал хувийн хэвшилд очих төсөв, хөрөнгө оруулалт буурна, Засгийн газрын хөлийг тушиж буйтай адил хэмээн тайлбарлав. Ер нь л хасах, танах санал гаргахад “Том төслүүдээ урагшлуулах гэж байхад саад боллоо” гэсэн утгатай тайлбарыг Засгийн газрын гишүүд өгөх болжээ.
Гэтэл үүнээс гадна 260 гаруй тэрбум төгрөгөөр эд хогшил буюу тавилга, 286 тэрбум төгрөгөөр бараа, материал авах зардал байгаа аж. Гишүүн Ж.Баярмаа “Тавилга авах зардал өмнөх жилээс 70 хувиар өсөж орж иржээ. Төрийн байгууллагууд ямар ч тавилгагүй, хоосон байсан бололтой. Мөн өмнөх жилийн төсөвт 70 тэрбум төгрөгөөр илүү бараа, үйлчилгээ авсан гэж ҮАГ дүгнэсэн. Гэтэл одоо дахин 286 тэрбум төгрөгөөр юу авах гээд байна вэ. Бусдаар гүйцэтгүүлэх ажил, үйлчилгээнд бараг хоёр их наяд төгрөг зарцуулна гэнэ. 18.3 тэрбум төгрөгөөр өсвөр насныханд үзвэр, үйлчилгээний эрхийн бичиг тараах, 13 тэрбумаар олон улсын мэдээлэл солилцох төв барихаар тусгасан. Мөнгө байхгүй учраас цахилгааны үнэ нэмнэ гэж байна. Гэтэл энэ мэтээр хэмнэх боломж маш их бий” гэжээ.
Тоо нэмэгдсэн ч хяналт сайжирсангүй
Парламент цөөхөн гишүүнтэй байхаар эрх мэдэл нэг дор төвлөрч, хуйвалдаан ихсэж байна, мөн худалдагдах магадлал өндөр гэх мэтээр тайлбарласнаар 50 хүнээр нэмсэн. Үүний дагуу бол одоо 126 гишүүнтэй парламентын хяналт илүү сайжирч, хуйвалдаан багасах учиртай. Гэтэл Засгийн газраас өргөн барьсан “но” ихтэй төсвийн төслөөс усыг нь шүүхээр үгээ хэлж, үйлдэл үзүүлж буй гишүүн хуруу дарам цөөн байна. Нам нь Засгийн газарт хамтарчихсан учраас АН-ын олонх ил цагаан шүүмжилж чадахгүй байх шиг. Нөгөө талаар тойргоос сонгогдсон гишүүд нь тус бүрдээ таван тэрбум төгрөг хуваарилуулах эрх ашигтай яваа учраас төсвийн төслийн бүх “но”-той саналыг эсэргүүцэж чадахгүй байгаа биз ээ. Өөрсдөө нэг том “но” оруулах гээд явж байгаа учраас нам үл харгалзан тойрогтой гишүүд нь амаа үдүүлчихсэн бололтой. Гэхдээ үрэлгэн зардлыг хасах зарим саналыг АН-ынхан дэмжиж буй юм. Тухайлбал, өсвөр насны хүүхдүүдэд урлагийн үйлчилгээ үзүүлэх эрхийн бичиг тараахад 18.3 тэрбум төгрөг хуваарилах саналыг энэ намын гишүүд эсэргүүцжээ. Гэвч МАН дангаараа УИХ-ын олонхыг бүрдүүлдэг учраас дээрх санал дэмжигдсэн. ХҮН намынхан ч АН-тай адил шалтгаанаар төсвийн төслийг тэр бүр шүүмжлэхгүй байна. Сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж буй гэх ИЗНН, Үндэсний эвслийнхний зүгээс ч чимээ гарахгүй нь. Харин МАН-ын Г.Тэмүүлэн, Д.Энхтүвшин нар төсвийн төслөөс шаардлагагүй зардлыг хасах ёстойг хэлж буй юм.
АН-ын гишүүн Ж.Баярмаа төсвийн “но”, шаардлагагүй зардлыг танахаар хамгийн их дуугарч, санал гаргаж байна. Тэрбээр “Хэмнэж болох олон зардал бий ч нэг нам олонх учраас “хүчиндээд” дэмжиж байна. Дэмжигдэхгүй бол горимын санал гаргаж “босгож” байна” хэмээн ярьсан нь анхаарал татна. Д.Энхтүвшин гишүүн “2025 оны төсөв 2023 онтой харьцуулахад 60 хувиар нэмэгджээ. Зардал нь дотоодын нийт бүтээгдэхүүний 37.7 хувьтай тэнцэх хэмжээний төсөл оруулж ирсэн нь бүлэг залилангийн нэг хэсэг мэт харагдаж байна. Гишүүд амьдралаас хэт тасарчихжээ. Татварын орлогыг 10 их наяд төгрөгөөр, татвар төлөгчдийн орлогыг 50 хувиар нэмэх төсөл оруулж ирсэн байна. Энэ бүхэн нь аж ахуйн нэгжүүдэд хүнд дарамт болно. Татварын алданги, хүү, торгуультай холбоотой дарамт 2020 оныхоос 3.5 дахин нэмэгдсэн. Тиймээс төсвийн зардлыг 5.3 их наяд төгрөгөөр бууруулах ёстой. Гишүүд зөвхөн тойрогтоо мөнгө тавиулах гэсэн сонирхолдоо л хөтлөгдөж байна” хэмээн ярьсан. Тэгэхээр өөрсдийнх нь нэр хүнд тойрогт нь өсөж, “их юм хийсэн гишүүн” нэр зүүхийн тулд тэд хамтарчээ. Нийт 390 тэрбум төгрөгийг тойргоос сонгогдсон 78 гишүүний “пиар”-т зориулах гээд байна гэсэн үг. Мөн МАН-ын жагсаалтаар сонгогдсон гишүүд бараг бүгд шинэ хүн. Гадаадад боловсрол эзэмшсэн, салбар бүрийн төлөөлөл хэмээн магтдаг тэдгээр гишүүн төсвийн хэлэлцүүлгийн үеэр хар, цагаан дуугүй сууж буй юм. Тэд намын даалгавраа биелүүлж, товчлуур дарах үүрэгтэй учраас аргагүй.
Ийнхүү парламент 126 гишүүнтэй болж бүл нэмсэн ч хяналтаа сайжуулах, чамбай хууль батлах зорилго нь бүдгэрч эхлэв. Харин олон болох тусмаа хуйвалдах, товчлуур дарах, хамгаалах баг нь л өргөжсөн байх нь. Төсвийн төслийг батлахад УИХ-д хоёр долоо хоногийн хугацаа үлдээд байна. Ирэх долоо хоногт төслийн гурав дахь хэлэлцүүлгийг хийнэ. Шаардлагагүй зардал ихтэй, хуйвалдааны шинжтэй төсвөө энэ чигээр нь батлаад явуулах биз ээ. ДНБ-ий 37 хувьтай тэнцэх зардалтай, татвар хураамж нэмсэн төсвийн дутууг нөхөхийн тулд татвар төлөгч энгийн иргэд, аж ахуйн нэгжүүд л зүдрэх нь.