Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль энэ сарын 11-ний 07.00-20.00 цагт болж өндөрлөв. Сонгогчийн нэрийн жагсаалтад нийт 2 246 164 хүн бүртгэгдсэн ч улсын хэмжээнд ирц 53.1 хувьтай дууссан юм. Нийслэл нэг сая гаруй сонгогчтой ч ирц ердөө 43 хувь байлаа. Энэ бүхнээс харахад орон нутгийн сонгуульд иргэдийн идэвх муу байсан, нөгөө талаар улс төрийн намуудад итгэл алдарсны баталгаа болов.
Сонгууль бүрээр шахам чичлүүлдэг залуус ч сонгох эрхээ эдлэх гэж яарсангүй. Итгэл хүлээлгэж сонгосон намууд нь шүүмжилж байсан эрх баригчтайгаа очоод нийлчихсэн учраас тэр. Үүнийх нь хариуг нийслэлийн ИТХ-ын сонгуулиар иргэд АН, ХҮН намынханд өглөө. Хоёр сонгуульд дараалан ялж чадаагүй учраас АН-ынхан намын болон нийслэлийн хорооны даргадаа итгэл үзүүлэх тухай ярих ёстой тухай шуугьж байна. Залуустаа итгэн байраа тавьж өгсний хариуд намыг нь “сөнөөсөн” хэмээн Э.Бат-Үүл баатар үзжээ. Тиймээс тэрбээр нийслэлийн АН-ын даргад нэрээ дэвшүүлж, “цэвэрлэгээ” хийх хүсэлтэйгээ ч зарлалаа. Салхи эргүүлсэн сонголтыг зарим аймаг, сумд хийж, бие даагчид үнэмлэхүй олонх болсон тохиолдол ч гарав. Орон нутгийн сонгуулийг тоймлон хүргэе. Төгсгөл. Түрүүч нь А1 нүүрэнд
Ирцийн босгогүй сонгууль
Эл сонгуулийг бид ес дэх удаагаа зохион байгууллаа. Шат шатны ИТХ-д төлөөлөл сонгож эхэлснээс хойш л сонгуулийн ирц “толгойны өвчин” болж байв. 1992 онд ирц анхны бөгөөд сүүлийн удаа 72.1 хувьд хүрсэн аж. Үүнээс хойш зогсолтгүй буурсаар 2012 онд 52.9, 2016 онд 60.4, 2020 онд 56 хувь болжээ. Тэгэхээр саяын орон нутгийн сонгуулийн дундаж ирц 53 хувь байгаа нь “зүй ёсны” гэсэн үг. Дундаж ирц нь 60 хүрдэггүй учраас өнгөрсөн хугацаанд зарим аймаг, сумд 50 хувийн босго давахгүй тохиолдол гарч байсан биз. Тиймээс эрчимтэй буурч буй ирцийн асуудлыг шийдэх нэг амархан аргыг манай хууль тогтоогчид бодож олсон юм. Тэд 2020 онд Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулж, ирцийн босгыг авч хаяад 73.2-т “Хамгийн олон санал авсан, тухайн тойрогт ногдох мандатын тоотой тэнцүү тооны нэр дэвшигчийг төлөөлөгчөөр сонгогдсонд тооцно” гэсэн заалт оруулаад л болчихсон. Иргэд яагаад орон нутгийн сонгуульд идэвх бага оролцдогийн шалтгааныг тодруулж, арилгах гэж ч хичээсэнгүй.
Уг нь үүнд хэд хэдэн шалтгаан бий. Юуны өмнө иргэд энэ сонгуулийн ач холбогдлын талаар ойлголт, мэдээлэл муутай. Бидний амьдарч буй гудамж гэрэлтэй, хоггүй, цэвэр, амьдарч буй аймаг, сум, хот нь агаарын бохирдолгүй, түгжрэлгүй, нийтийн тээврийн хүртээмжтэй байх, эсэхийг шат шатны ИТХ-ын төлөөлөгчид шийддэг. Тэд төсвийг захиран зарцуулж, ямар ажил хэрэгжүүлэхээ мэднэ. Гэтэл энэ талаар мэдлэг олгож, сонгогчдоо боловсруулахын оронд намууд нь ч, СЕХ нь ч, хуулийг нь батлан гаргадаг УИХ ч тоймтой ажил хийхгүй өдий хүрэв. Иргэд мэдээлэлгүй, харанхуй байх тусмаа улс төрийн намуудад, тэр тусмаа эрх баригчдад ашигтай хойно. Гэхдээ цөөнгүй сонгогч шат шатны өөрөө удирдах байгууллагын төлөөлөгчид ямар эрх, үүрэгтэйг сайн мэднэ. Харамсалтай нь, тэдний итгэл алдарчихаад байна. Энэ хэсэгт залуу хүмүүсийг ч хамруулж ойлгох хэрэгтэй. 2020 оны орон нутгийн сонгуульд 26-40 насныхан 19.2, 18-25 насныхан 6.4 хувийн ирцтэй оролцсон аж. Идэвхгүй, өөрчлөх сэтгэлгээгүй, залхуу гэх мэтээр тэднийг чичилдэг ч цаад шалтгааныг нь сонсдоггүй. Сая болж өнгөрсөн сонгуулиар зарим нэр дэвшигч бүр залуусыг шуудхан загнаж, “Өөрсдийнх нь төлөө өөрчлөх гээд нэр дэвшээд байхад дэмжсэнгүй, саналаа өгөхгүй байна” хэмээн уурлаж харагдсан. УИХ-ын сонгуулиар иргэд ардчиллаа аврахаар АН, өөрчилнө гэж итгэн ХҮН намынхныг сонгосон. Үр дүнд нь парламентад АН 42, ХҮН намынхан найман суудалтай болсон ч хүчтэй сөрөг хүчин байхын оронд МАН-тай хамтарчихсан. Дээрээ нэгдчихсэн намынхан доороо тусдаа ажиллана гэдэгт хэн итгэх билээ. Тиймээс олон сонгогч “Энэ сонгуульд оролцоод ч нэмэргүй юм байна” гэж үзсэн, бас “Хэнд нь ч санал өгсөн ялгаагүй” гэж бодсон нь үнэн. Үүнээс гадна орон нутгийн харьяалалтай ч нийслэл болон өөр хот, сууринд амьдардаг залуус тэр бүр аймаг, сумаа зорьж, саналаа өгч чаддаггүй нь ч тодорхой хэмжээгээр нөлөөлж буй билээ.
Үйлийн үр хаалга андуурдаггүй
Энэ үгийг АН, ХҮН намынханд хаяглаж байна. Хүчтэй сөрөг хүчин байж МАН-тай тулж чадах цорын ганц нам бол АН. Тиймээс сэхээнд байсан энэ намыг ардчиллын туган дор дэмжиж, олон хүн саналаа өгсөн. Гэвч тэд итгэл алдаж, эрх мэдлийг илүүд үзсэнийхээ хариуг нийслэлийн ИТХ-ын сонгуулиар авлаа. Гуравдагч хүчний төлөөлөл болж ажиллана, өөрчилнө хэмээн итгэсэн ХҮН намынхан ч адилхан шангаа хүртэв. Орон нутгийн сонгуулиас хамгийн их өрсөлдөөнтэй болдог, анхаарал татдаг нь нийслэлийн ИТХ. Уг сонгуульд нийт 1 004 671 сонгогч бүртгэгдсэний 43 хувь нь буюу 430 мянган хүн л саналаа өгчээ. Тэдний олонхын саналаар МАН 40, АН-ынхан таван суудал авлаа.
Нийслэлийн сонгуульд багаа ахалж орсон АН-ын Т.Батцогт эрхбиш өөрөө сонгогджээ. Тэрбээр Баянзүрх дүүрэгт өрсөлдсөн юм. Мөн О.Зундуйдорж Хан-Уул, Д.Бадарсан, Б.Эрдэнэсүх нар Сүхбаатар, Б.Золтуяа Баганхангай дүүргээс тус тус сонгогдож, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч болж байна. Ийнхүү өмнөх амжилтаа бууруулсны хариуцлагыг нийслэлийн АН-ын хорооны дарга Т.Батцогт хүлээх учиртай. Түүнд итгэл үзүүлэх, эсэх асуудлыг тус намынхан удахгүй дотооддоо ярилцах биз ээ. Сонгуулийн дараа АН-ынхан мэдээлэл хийх үед УИХ-ын гишүүн Н.Ганибал нийслэлийн ИТХ-д ялагдсан шалтгаанаа “Олон намаас олон нэр дэвшигч өрсөлдөж санал хувааснаас боллоо” хэмээн буруутгана лээ. Уг нь иргэд арай өөр дүн тавьсан байгаа юм. Түүнчлэн нийслэлийн ИТХ-д АН-аас нэр дэвшүүлсэн 45 хүний 30 нь Ерөнхийлөгч асан Х.Баттулгынх байсан. “Женкочдыг сонгоогүйд нь талархаж байна” гэсэн сэтгэгдэл бас нийгмийн сүлжээнд нэлээд харагдана лээ.
Харин ХҮН намынхан хот төлөвлөгч, экспертүүдээс эхлээд олон чадварлаг залууг нэр дэвшүүлж, нийслэлийн хорооны дарга Э.Золзаяагаа хотын анхны эмэгтэй дарга болгохоор пиар хийгээд ч явсангүй. Бүр өмнөх гурван суудлаа алдаад дуусаж буй юм. Тус намын дарга Т.Доржханд Шадар сайдын эрх мэдэл эдэлж байх зуурт сонгогчид МАН-тай нэгдсэнд нь дургүйцлээ илэрхийлж, итгэл хүлээлгэхгүйгээ мэдэгдлээ.
АН, ХҮН намынхныг “нохойд шидэж өгчхөөд” Х.Нямбаатар багаа аваад дахин гарч ирэх нь тэр. Санал өгсөн 430 мянган хүний 90 орчим хувь нь буюу 390 мянга нь л МАН-ыг дэмжсэн гэсэн үг. Гэтэл нийслэлийн хүн амын 50 хувь нь уг сонгуульд огт оролцоогүй, тэд МАН-ыг сонгоогүй. Өөрчлөлт авчрах залуусын идэвхийг АН, ХҮН намынхны “урвалт”-аар сулруулчхаад, өөрсдийнх нь “хараа”-нд байдаг төрийн албан хаагчид, тэдний гэр бүлийнхэн болон үнэнч ахмадууд, гишүүдийнхээ саналаар төвөггүйхэн улирч сонгогдсон нь энэ. Бас өнгөрсөн хугацаанд хийсэн буруу булхай бүхнээ Женко гэдэг нэг “мангас” бий болсон тухай сэдвээр далдалж чадлаа.
Тус намынхан хотыг удирдсан өнгөрсөн найман жилд нийслэлийн нөхцөл байдал улам муудсан. Гэвч агаарын бохирдол, түгжрэлтэй, өвөл автобус хүрэлцэхгүй, хэдэн цагаар алхах хувь тавилантайгаа эвлэрэх нь МАН-д саналаа өгсөн дэмжигчдэд нь асуудал биш бололтой. Бродюрын хулгай, “ногоон автобус”-ны луйвар зэрэг олон ноцтой хэргийг нь ийнхүү уучилж орхисон нь харамсалтай.
Улааныг цэнхэртүүлсэн нь
Хэдийгээр нийслэлийн ИТХ-д АН-ынхан “арчуулсан” ч бүх аймагт адилхан байсангүй. Ардчиллын үнэт зүйлээ аврахыг хүсэж, тэдэнд итгэсээр байгаа сонгогчид бий аж. Ямартай ч иргэд зарим аймаг, сум, дүүрэгт салхи эргүүлсэн сонголт хийсэн байна. Мөн АН-ын дарга Л.Гантөмөрийн бараа орон нутгийн сонгуулийн үеэр харагдаагүй, нэр дэвшигчдээ дэмжиж ажиллаагүй гэсэн гомдлыг гишүүд нь хэлж буй. Дарга нь эрх мэдэл, албан тушаалдаа хүлэгдсэн ч орон нутаг дахь залуус, шат шатны удирдлага нь сайн ажилласан бололтой. Тэд зөв хүмүүсээ нэр дэвшүүлж, зөв арга барилаар ажиллаж чадсаны үр дүн гэж үзэж болох юм. Тодруулбал, сүүлийн хэдэн сонгууль дараалан “улайж” байгаа Хэнтий аймагт АН ялсан нь олон хүнийг гайхшируулав. Бас хэнтийчүүд бүгд МАН-д тархиа базуулчихаагүй, эрүүл хэсэг үлдсэн байж гэсэн итгэл төрүүлсэн юм. Тус аймгийн ИТХ 35 суудалтай. Тэнд АН-аас 18, МАН-аас 17 төлөөлөгч сонгогдсон аж. Монгол Улсын хамаг чухал төрийн өндөр албан тушаалд Хэнтийгээс сонгогдсон улс төрчид сууж буй. Тэд эрх мэдлээ ашиглан улсын төсвийн хамгийн давуу хөрөнгө оруулалтыг тийш хуваарилдаг. Харамсалтай нь, үүнийх нь үр дүн энгийн иргэдэд төдийлөн мэдрэгдэхгүй байгаа юм. “Андлалын хөшөө” босгоод энэ аймаг хөгжсөнгүй, иргэдийнх нь амьдрал сайжирсангүй. Тиймээс өөрчлөөд үзэхийг хүссэн бололтой.
Мөн МАН-ынханд хайртай Төв аймгийнхан ч өөр сонголтыг илүүд үзсэн байна. 41 суудалтай ИТХ-ын 21-т нь АН-ын нэр дэвшигчид ялж, олонх болжээ. Мөн тус аймгийн дийлэнх сумын ИТХ-д энэ намынхан ялсан аж. Эдгээр аймагт АН нэг л төлөөлөгчөөр илүүрхсэн ч олонх болж чадсан гэдэг нь өөрөө амжилт юм. 1992 оноос хойш МАН-ыг сонгодог байсан Багахангай дүүрэгт АН-аас нэр дэвшсэн Б.Золзаяа хэмээх бүсгүй бас хамгийн олон санал авсан нь салхи эргэсний жишээ болов. Мөн тус нам ялсан газруудын нэг болох Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын ИТХ-д 100 хувь АН-ынхан сонгогджээ. Ийнхүү 21 аймгийн долоод нь буюу Говь-Алтай, Сүхбаатар, Хэнтий, Төв, Өмнөговь, Баян-Өлгий, Ховдод АН-ынхан ялсан байна. Нийт 330 сумаас 150-д нь ялсан тухай УИХ-ын гишүүн Н.Ганибал мэдээлэл хийхдээ онцолж, “2020 оны сонгуулийн үр дүнгээ ахиулсан учраас бид амжилттай оролцлоо гэж дүгнэж байна” гэсэн юм.
Бие даагчид олонхыг бүрдүүлэв
Орон нутгийн сонгуульд улсын хэмжээнд нийт 268 бие даагч өрсөлдсөн байна. Бүх шатны сонгуульд бие даагчид өрсөлддөг нь жам ч тэд хэзээ ч бүлэг байгуулах хэмжээний суудал авч байгаагүй. Тэгвэл энэ удаагийн орон нутгийн сонгуулиар түүхэнд тэмдэглэх үйл явдал болж, нэг сумын ИТХ-д бие даагчид үнэмлэхүй олонх болжээ. Тодруулбал, Хөвсгөл аймгийн Чандмань-Өндөр сумын ИТХ 21 мандаттай, таван тойрогт хуваагдсан байсан аж. Тус сумд нийт 18 бие даагч өрсөлдсөнөөс 17 нь сонгогджээ. Ялангуяа нэг, тавдугаар тойргийнхон 100 хувь “намгүй хүмүүс”-ийг сонгосон байна. Сумын ИТХ-ын үлдсэн дөрвөн суудал нь МАН-д ногдсон юм билээ. Нэр дэвшигчид намд итгэхээ больсон уу, эсвэл квот олдоогүй учраас бие даасан уу. Ямартай ч тэд хүчтэй өрсөлдсөн нь энэ. Гэвч нэгдсэн бодлогогүй, намгүй, өөрөө өөртөө дарга хүмүүс нэгдчихээр шуудайд хийсэн үхрийн эвэр мэт болох вий гэсэн болгоомжлол байна. Ойлголцож, нэгдэж ажиллаж чадах, эсэхийг нь ирэх жилүүд харуулах биз ээ.
Ийнхүү улсын хэмжээнд 10 нам, нэг эвслээс болон бие даагчдаас бүрдсэн 17 278 нэр дэвшигч 8031 мандатын төлөө өрсөлдлөө. Хамгийн олон санал авсан нэр дэвшигч ялахаар хуульчилсан ч заримд нь давхардал үүссэн гэнэ. Өөрөөр хэлбэл, санал тэнцжээ. Тиймээс 19 аймгийн 78 сумын 87 хэсэгт сонгуулийн нэмэлт санал хураалт явуулахаар СЕХ-ноос шийдвэрлэв. 74 сумын 81 хэсэгт өчигдөр нэмэлт санал хураасан байна. Дөрвөн сумын зургаан хэсэгт энэ сарын 19-нд дахин нэмэлт санал хураах нь. Ийм нөхцөлд харин эхний санал хураахад оролцоогүй сонгогчдын эрэлд гарах бололтой. Тэгэхээр санал нь тэнцсэн намуудын нэр дэвшигчид ч, сонгуулийн хороод ч ирцэд санаа тавих хэрэгтэй болж буй юм. “Царцаа” нүүлгэсэн, мөнгө тарааж, санал худалдаж авсан зэрэг гомдол, зөрчил ч цөөнгүй гарсан байна. Үндэсний эвслээс Дорнод аймагт нэр дэвшсэн Ч.Эрдэнэбат энэ тухай цахим хуудсандаа “Аймгийн ИТХ-д нэр дэвшсэн дарга, хуульч, бизнесмен нь ч, бүгд мөнгө тарааж, бүр 800 мянган төгрөг амласан. “Царцаа” тоймоо алдсан. Манай эвслийн нэр дэвшигчид таны санал, сонгох эрхийг хүндэтгэж оролцсон учраас ялж чадсангүй” гэжээ. Сурталчилгаа дуусчихсан атал нэр дэвшигч санал авах байруудаар эргэлдэж, өөрийг нь дэмжихийг хүссэн явдал ч гарсан байна.
Юутай ч энэ удаа саналын зөрүү маш бага байсныг АН-ынхан онцолж буй юм. Нийтэд нь харахад МАН-ынхан орон нутгийн сонгуульд ялжээ. Гэвч энэ бол төлөөллийг бүрэн хангахгүй “ялалт” гэдгийг мартах ёсгүй. Мөн тус намын ялсан нэр дэвшигчдийн авсан санал өрсөлдөгчийнхөөсөө тасархай их байж чадсангүй. АН, ХҮН намын удирдлагууд эрх мэдэлд дурлан МАН-ын урхинд гүйн орсон ч сонгогчид ардчилсан тогтолцоогоо аврах ёстойг ухамсарласан хэвээр, алсуураа салхи эргүүлж эхэлснийг энэ сонгууль харуулав.