Арабын орнуудын Гадаад хэргийн сайд нар Египетийн Каир хотод чуулж, Сирид болж буй үйл явдлын талаар хэлэлцлээ. Арабын орнуудын лиг эрх мэдлээ дэд ерөнхийлөгч Фарук аль-Шараад шилжүүлэн өгөхийг Сирийн Ерөнхийлөгч Башар Асадад санал болгосон тухай ВВС дамжуулав. Ингэсний дараа шинэ Засгийн газраа бүрдүүлж, өөрчлөлт шинэчлэл хийхийг тэд Сирийн эрх баригчдад уриалсан байна.
Арабын орнуудын санал болгосон эл төлөвлөгөөг хүлээж авахгүйгээ Ерөнхийлөгч Башар Асад илэрхийлээд “Ийм төлөвлөгөө санал болгож байгаа нь Сирийн бүрэн эрхт байдалд халдаж, улсын дотоод хэрэгт оролцож буй явдал” хэмээн мэдэгджээ. Түүнээс гадна уг санал ард түмний эрх ашигт нийцэхгүй байна хэмээн үзэж буйгаа тэрбээр онцлов. Сирийн хэвлэлүүдэд мэдээлснээр тус улсад үүсээд буй нөхцөл байдлыг хохиролгүйгээр зохицуулахын тулд терроризмтай тэмцэхээ эрчимжүүлэх хэрэгтэй гэж эрх баригчид үзэж байгаа аж.
Өнгөрсөн оны гуравдугаар сараас Сирид эхэлсэн эсэргүүцлийн хөдөлгөөн даамжирч, одоогийн байдлаар 5000 хүн амь үрэгдээд байгаа билээ. Арабын орнуудын лиг тус улсад дэгдсэн үймээн, тэмцлийг намжаах төлөвлөгөөг анх өнгөрсөн есдүгээр сард боловсруулан Башар Асадад танилцуулсан. Түүнээс хоёр сарын дараа Сирийн эрх баригчид эл төлөвлөгөөг хүлээн авснаа мэдэгдсэн юм. Гэтэл тус улсад очсон олон улсын ажиглагчид нөхцөл байдал өмнөхөөсөө дээрдээгүй, босогчид армийнхны хоорондын тулаан үргэлжилж, хүний амь нас эрсэдсээр байна хэмээн мэдэгдсэн билээ. Тиймээс арабын орнуудын төлөөлөгчид дахин хуралдсан аж.
Үүний зэрэгцээ Арабын орнуудын лиг боловсруулсан төлөвлөгөөгөө НҮБ-д өргөн барихаа мэдэгдэж, шаардлагатай бол Сирийн эрх баригчдын эсрэг шинэ хориг арга хэмжээ авахаа илэрхийлэв.