Улсын гуравдугаар төв эмнэлэг (УГТЭ)-ийнхэн музейтэй болжээ. Тэд 70 жилийнхээ ойн хүрээнд Эмнэлгийн түүхэн танхимыг байгуулсан нь энэ. Тус танхимд эмнэлгийн хөгжлийн түүхэн явц, тасаг, нэгжийн үүсэл хөгжил, тусламж, үйлчилгээний хөгжил, дэвшил, оношилгоо, эмчилгээний арга технологиуд зэрэг мэдээллийг цахим хэлбэрээр баримтжуулан хадгалжээ. Мөн эмнэлгийн хөгжлийн түүхэнд ашиглаж байсан болон одоо ч хэрэглэж буй багаж хэрэгсэл, техник, тоног төхөөрөмжүүд, бусад баримт, бодит үзмэрийг дэлгэсэн нь олны сонирхлыг ихэд татаж буй аж.
Эмнэлгийн түүхэн танхим нь эрүүл мэндийн салбарын анхны музей гэдгээрээ онцлогтой. Музейд 59 төрлийн биет үзмэр, хоёр макет, түүхэн замналын дөрвөн үеийн товчоон, 50 гаруй бодит үзүүлэн, 22 чиглэлийн цахим мэдээлэл, 150 гаруй түүхэн зургийн цомог багтжээ.
УГТЭ-ийн ерөнхий захирал Ц.Төмөр-Очир “Монголын үндэсний музейн Мэргэжил, арга зүйн төвийн дарга Д.Мөнхтогоо, “Эрдэнэт үйлдвэр”-ийн болон Бэрхийн уурхайн музейг байгуулалцсан зөвлөх Г.Буянжаргал, уран барималч Ц.Намдаг, “Сити” их сургуулийн мэргэжлийн нүүр хувиргалтын багш Г.Хос-Эрдэнэ, Зүрхний мэс заслын тасгийн зөвлөх Ц.Даваацэрэн зэрэг олон хүн музейг бүтээхэд гар бие оролцсон. Манай музейн танхим нь эрүүл мэндийн салбарын эмч, ажилтан, мэргэжилтнүүдэд бодит үзүүлэн, сургалт болно гэдэгт итгэлтэй байна. Бид музейг байгуулахдаа эмнэлгийн бүх цаг үеийн түүхэн хөгжлийн видео танилцуулга, VR болон камерын 3600 орчим бичлэгийг хэрхэн олон нийтэд хүргэх вэ гэдэгт анхаарсан. Тухайлбал, виртуал орчин дахь цахим болон биет, самбарт үзүүлэх боломжтой үзмэрүүдийг байршуулахдаа уламжлалт стандартыг технологитой хослуулснаараа онцлогтой” гэж ярилаа.