Манай улсад сэтгүүлзүйн хөтөлбөртэй 14 их, дээд сургууль байдгаас 11 нь жилд дунджаар 700 гаруй сэтгүүлч төгсгөдөг аж. Тэгвэл эдгээрээс зургаа нь сэтгүүлзүйн хөтөлбөрөө төрөлжүүлэн заахаар болжээ. Тодруулбал, МУИС, МУБИС, СУИС, АШУҮИС, Хүмүүнлэгийн ухааны болон “Отгонтэнгэр” их сургууль эрүүл мэндийн сэтгүүл зүйн хөтөлбөрийг сургалтдаа нэвтрүүлсэн байна. Олон улсад сэтгүүл зүй төрөлжин хөгжиж, сэтгүүлчдийг салбар, чиглэлүүдээр их, дээд сургуульд мэргэшүүлэх нь нэмэгджээ. Тиймээс Ерөнхийлөгчийн санаачилгаар хэрэгжүүлж буй “Эрүүл монгол хүн” үндэсний хөдөлгөөний нийтийн эрүүл мэндийг дэмжих ажлын хүрээнд дээрх хөтөлбөрийг их, дээд сургуулиудын судлаач, эрдэмтдийн баг хоёр жилийн өмнөөс боловсруулж, энэ оноос ийнхүү нэвтрүүлж буй аж.
Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “Сэтгүүлч бэлддэг их, дээд сургуулиудыг эрүүл мэндийн сэтгүүл зүйн хөтөлбөртэй болгох хэрэгцээ, шаардлага нийгэмд бий. Нийтийн эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэхэд хэвлэл мэдээллийн байгууллага, тэр дундаа мэргэшсэн сэтгүүлч чухал нөлөөтэй. Олон улсад ч бүх нийтийн эрүүл аж төрөх зан үйлийг сайжруулахын тулд мэргэшсэн сэтгүүлчдийг бэлдэж, үүрэг, оролцоог нь эрчимжүүлэх үүднээс дээд боловсролын хөтөлбөртөө хүртэл тусгаж, бодлогоор дэмждэг жишиг байдаг” гэсэн бол Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн профессор Д.Дагиймаа “Энэхүү хөтөлбөрийг сэтгүүлч бэлддэг их, дээд сургуулиудад нэвтрүүлснээр төгсөгчид эрүүл мэндийн болон бусад чиглэлийн сэтгүүл зүйн ойлголттой болно” гэв.