Гэмтэл, согог судлалын үндэсний төв (ГССҮТ)-ийн удирдлага Францын Орлеон хотын төв эмнэлгийн их эмч Жон Франсуа Виала, Бертран Мюнкенштарм, Сабине Ренауд нарыг өчигдөр хүлээн авч уулзлаа. Манай гэмтлийн эмч нар Орлеоны төв эмнэлгийнхэнтэй 24 жилийн турш хамтран ажиллаж буй юм. Үүний хүрээнд эмч, мэргэжилтнүүдийг харилцан сургах, туршлага судлуулах, хамтарсан үзлэг, оношилгоо зохион байгуулж иржээ. Мөн гэмтлийн дараах хөдөлгөөн, сэргээн засах эмчилгээ, лабораторийн шинжилгээний үр дүнд суурилсан шинэ арга, технологи нэвтрүүлж, стандартууд ч хэрэгжүүлсэн аж.
Хамтын ажиллагааны хүрээнд ГССҮТ-ийнхөн энэ удаад эмчилгээний шинэ арга, технологи эх орондоо нэвтрүүлэхээр төлөвлөж, үүний дагуу толгойн мэс заслын болон хөдөлгөөн засалч эмч нараа ирэх сард Орлеон хотын төв эмнэлэгт сургаж, дадлагажуулах болжээ.
Ташрамд дурдахад, 2023 онд дүрс оношилгоо, толгойн мэс засал, сэргээн засах эмчилгээ, лабораторийн чиглэлээр ГССҮТ-ийн дөрвөн эмчийг тус эмнэлэгт мөн сургаж, мэдлэг, ур чадварыг нь дээшлүүлсэн байна.