Дүрслэх урлагийн шилдэг бүтээлийг шалгаруулж, улсын санд худалдан авах уралдаанд оролцогчдыг бүртгэж эхэлсэн талаар Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамнаас мэдээллээ. Уралдааныг хамтран зохион байгуулагч Соёл, урлагийн газар, Монголын уран зургийн галерейгаас зураач, уран бүтээлчдийг үүнд идэвхтэй оролцохыг уриалав.
Уралдааныг монгол, уран, зураасан зураг, чимэглэх болон орчин үеийн урлаг гэсэн таван ангилалд явуулж, шилдгүүдийг хоёр үе шаттай шалгаруулах юм байна. Тодруулбал, нэгдүгээр шатанд “Оны шилдэг бүтээл-2024” үзэсгэлэнд оролцох бүтээлүүдийг тодруулах бол хоёрдугаар үед улсын санд худалдан авахыг нь шалгаруулах аж.
Эл уралдаанд оролцогчдын бүтээлийг Монголын уран зургийн галерейд ирэх сарын 12-16-нд 10.00-17.00 цагт хүлээн авч, арваннэгдүгээр сарын 4-нд батламж гардуулах ёслолын ажиллагаа зохион байгуулах юм. Бүтээлд тавих гол шаардлага нь сүүлийн нэг жилийн хугацаанд туурвисан (хөшөө дурсгал, тайз, дэлгэц, монументаль ажлаас бусад), чанартай, хадгалах, зөөвөрлөхөд тэсвэртэй, галерейн сан хөмрөгийн стандартад нийцсэн, олон улсын үзэсгэлэнд оролцсон, шагнал хүртсэн бол гэрчлэх бичиг баримтыг хавсаргасан байх гэнэ.