Олон улсад эрхтэн шилжүүлэн суулгах эмчилгээг ихэвчлэн кадавр буюу тархины үхэлтэй донороос хийдэг. Харин манайд эл үзүүлэлт эсрэгээрээ, уг мэс заслын 90 хувийг амьд донорын тусламжтайгаар гүйцэтгэдэг. Гэвч сүүлийн үед элэг, бөөр шилжүүлэн суулгах шаардлагатай өвчтөнүүд донорын хүрэлцээгүйгээс хугацаа алдах, амь насанд нь эрсдэл үүсэх болсныг эмч нар хэлж буй. Иймд Донорын тухай хуулийн дагуу кадавр донороос эрхтэн шилжүүлэх шаардлага улам нэмэгдсээр байгаа аж.
Үүний хүрээнд Эрүүл мэндийн хөгжлийн төвийн Эс, эд, эрхтэн шилжүүлэн суулгах үйл ажиллагааг зохицуулах албаныхан Хөвсгөл, Увс, Баян-Өлгий аймагт энэ сарын 1-8-нд ажиллаж, эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдэд олон улсын жишиг, аргачлалын дагуу тархины үхэл тодорхойлох баг байгуулах талаар сургалт, зөвлөгөө зохион байгуулж байна. Ингэснээр кадавр донорын эгнээг өргөтгөх давуу талтай аж. Одоогоор тус сургалтад орон нутгийн 200 эмч, эмнэлгийн мэргэжилтэн хамрагдсан гэлээ.