ЭМЯ, ХӨСҮТ, БНСУ-ын Өвчний хяналт сэргийлэлтийн төвтэй хамтран “Монгол Улсын халдварт өвчний хяналт, хариу арга хэмжээний өнөөгийн байдал, цаашдын стратеги” сэдэвт хурлыг өчигдөр зохион байгууллаа. Энэ үеэр Монгол Улс “Ковид-19”-ийн дараагийн цар тахалд бэлэн үү, эм, тарианы нөөц, боловсон хүчний хангамж, төсөв санхүүгийн чадамж, эрсдэлийн үед яаралтай хариу арга хэмжээ авах стратеги төлөвлөгөөтэй, эсэх, багийн зохион байгуулалтын чадавх зэрэг тогтолцоо нь зөв ажиллаж байна уу гэдгийг онцлон хэлэлцсэн юм. Учир нь хүн төрөлхтнийг хамарсан цар тахал дэгдэх давтамж жил ирэх тусам богиносож, цаг хугацааны л асуудал болоод буй гэнэ.
“Ковид-19”-ийн үед манай улсад халдварт өвчний хяналт, хариу арга хэмжээний тогтолцоо төдийлөн бүрдээгүйг иргэд, олон нийт биеэр туулж, эмч, мэргэжилтнүүд ч үүнийг хүлээн зөвшөөрсөн. Харин энэхүү алдаа дутагдлаасаа суралцаж, цаашид дахин давтахгүй байхад анхаарах шаардлагатайг дээрх хурлын үеэр албаны хүмүүс онцолж байлаа. Мөн “Монгол Улсад халдварт өвчний хяналтын тогтолцоог бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлэхээр болсныг албан ёсоор зарлав. Төслийн менежерээр БНСУ-ын Ёнсэй их сургуулийн эрүүл мэндийн байгууллагын эмч, профессор Ёом Жүн Соб ажилласан бөгөөд зорилго нь манай улсад тулгамдаж буй дээрх асуудлуудыг цогцоор нь шийдвэрлэхэд чиглэжээ.