Найман жилийн хугацаанд үргэлжилсэн “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг 21 аймагт хэрэгжүүлж дуусжээ. Тус аяны хүрээнд 45 мянга гаруй иргэнийг эрт илрүүлэгт хамруулан, 17 мянган хүнд үзлэг, оношилгоо хийж, 1500 гаруй эмч, эмнэлгийн мэргэжилтнийг чадавхжуулсан байна. Нийт 61 мянга орчим хүн аяны үр ашгийг хүртсэн бөгөөд тэдэнд уг өвчнийг эрт илрүүлж, хүндрэхээс урьдчилан сэргийлэх талаар мэдлэг олгосон аж.
Хүн амын өвчлөл, эндэгдлийн тэргүүлэх шалтгаан болоод буй зүрх, судасны эмгэг, тэр дундаа артерийн даралт ихсэх зовуурь нь зүрхний шигдээс, тархины цус харвалт, бөөр, хоол боловсруулах замын өвчний үндсэн шалтгаан. Тиймээс төрөлжсөн мэргэжлийн эмч нарын үзлэг, оношилгоог 21 аймагт ийнхүү зохион байгуулснаар дээрх суурь шалтгааныг бууруулах, хянах, урт хугацаанд чанартай эмчлэх боломж бүрдсэнийг аяныг санаачлагчид хэлж байлаа.
Ташрамд, “Цусны даралт ихсэлтийн эсрэг аян”-ыг Улсын гуравдугаар төв эмнэлэг, НЭМҮТ, “ХААН банк” сан, Монголын үндэсний олон нийтийн радио, телевизийнхэн хамтран хэрэгжүүлсэн юм.