“Найрамдал” олон улсын хүүхдийн зусланд амарч байсан ахлах ангийн хүүхдүүд олноороо хоолны хордлогод орсон талаар эцэг, эхчүүд нь өнгөрсөн баасан гарагт мэдээлсэн. Тэдний хэлснээр “Орчлон” сургуулийн 30 гаруй хүүхэд хордлогод орсон гэв. Харамсалтай нь, энэ талаар “Найрамдал” зуслан болон “Орчлон” сургуулийн удирдлагын зүгээс эцэг, эхчүүдэд албан ёсоор мэдээлэл өгөөгүй, эсрэгээрээ болсон үйл явдлыг тэднээс нууж, хугацаа алдсан гэнэ. Хүүхдүүдийн биеийн байдлын талаар ХӨСҮТ-ийнхнөөс тодруулахад “Хоолны хордлогын дуудлагын дагуу манай эмнэлгээс нарийн Мэргэжлийн эмч нарын баг газар дээр нь очиж, үзлэг, зөвлөгөө, Шинжилгээ хийгээд ирсэн. Хордлогын улмаас ХӨСҮТ-д хүндэвтэр оноштой 45 хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа. Гүйлгэж, бөөлжсөн, хоолонд дургүй болсон, өндөр халуурсан зэрэг шинж тэмдэгтэй ирсэн хүүхдүүдийн биеийн байдал бямба гаргаас дээрдэж, гайгүй болж байна. Бид эхний ээлжид 25 хүүхдийг яаралтайгаар эмнэлэгт хэвтүүлэхээр авчирсан. Үзлэг, шинжилгээний явцад энэ тоо нэмэгдэж, 45 болсон. Эмч нарын баг “Найрамдал”- д амарсан “Орчлон” сургуулийн 400 гаруй хүүхдийг үзлэг, тандалтад хамруулж байна. Хордсон хүүхдийн тоо нэмэгдэж болзошгүй. Ямар хоол, хүнсний бүтээгдэхүүнээс хордсоныг судалж буй” гэж ярилаа.