УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын тогтоолын хэрэгжилтийг хангах талаар авах арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэв. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн Хянан шалгах түр хорооноос эмийн үнийн өсөлтийн шалтгаан нөхцөлд хяналт шалгалт хийсэнтэй холбогдуулан баталсан УИХ-ын 38 дугаар тогтоолын хэрэгжилт хангалтгүй байгааг танилцууллаа. Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бейсен, Б.Бат-Эрдэнэ, С.Эрдэнэбат нар хөнгөлөлттэй эм хөдөөгийн, алслагдсан сумын иргэдэд хүрдэггүй, ороннутгийнэмнэлгүүд ихээхэн хэмжээний эмийн өртэй болсон, мөн эмийн лабораторийн хүний нөөцийн талаар асууж, хариулт авсан юм. Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан гишүүдийн асуултад хариулахдаа “38 дугаар тогтоолын дагуу эмийг хил, гаалиар орж ирэхээс эхлээд үнийг нь тодорхой байлгах, хэн гэдэг эцсийн хэрэглэгчид очиж байгааг хүртэлх бүртгэл мэдээллийг тодорхой хөтлөх ажлыг хийж байна. Эмийн үнийг тогтоон барих зорилгын хүрээнд нэгдсэн худалдан авалтуудыг зохион байгуулахаар цөөнгүй гэрээ, хэлцэл хийсэн” гэсэн юм. Түүнчлэн, Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хууль шинэчлэгдэн батлагдсаны дагуу Эмийн зөвлөлийн сонгон шалгаруулалтыг зарлах бэлтгэл ажлыг хангаад байна гэв.