Хамтарсан Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг УИХ-ын ээлжит бус чуулганаар өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж эхлэв. Улмаар хэлэлцэхийг нь дэмжиж, дараагийн шатанд шилжүүлээд байна. МАН, АН, ХҮН намын хамтарч байгуулсан Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр “Хурдтай хөгжлийн төлөөх зориг” хэмээх нэртэй. Уг хөтөлбөрөөс гоё амлалт, гоё нэр цөөнгүйг харж болно. Дөрвөн бүлэг, дөрвөн үндсэн чиглэл, дөрвөн зорилго бүхий 577 багц үйл ажиллагааг бүрэн эрхийнхээ хугацаанд хэрэгжүүлэхээ Ерөнхий сайд үйл ажиллагааны хөтөлбөрийн төслөө чуулганы хуралдаанд танилцуулахдаа онцолсон юм. Тоо, нэрэнд нэлээд ач холбогдол өгсөн нь эрхгүй харагдана. Мөн ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг С.Зориг агсны улсын эрх ашиг нэгдүгээрт, улс төрийн намын эрх ашиг хоёрдугаарт, хувийн эрх ашиг эцэст нь байх ёстой гэдэг үгийг суурь зарчим болгосон гэнэ. Улс орны хэмжээний асуудлыг хэлэлцэж, шийдэх, шийдвэрийг хэрэгжүүлэх үүрэгтэй Засгийн газрын хөтөлбөрт намын эрх ашиг хоёрдугаарт явж буй нь анхаарал татна. Уг хөтөлбөр гоё цаасанд боолттой ч дотроо эм үү, хор уу гэдэг нь тодорхойгүй чихэр мэт.
БҮХНИЙ ДЭЭР НАМ БАЙХ “ЁСТОЙ”
Уг нь чуулганы хуралдаанд мөрийн хөтөлбөрөө танилцуулахдаа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “Хүний хөгжлийн бодлого нь Засгийн газрын үйл ажиллагааны үндсэн цөм байх нь ойлгомжтой. Улсын хөгжил нь хүний хөгжлөөс ундаргатай. Аль ч улс орны ирээдүй иргэдээ хэрхэн бэлдэхээс хамаарна” гэсэн юм. Гэхдээ хөтөлбөрийн суурь үзэл санааны эрэмбээр бол хувь хүний эрх ашиг хамгийн сүүлд бичигдсэн нь логик зөрчил үүсгэв. УИХ-д АН-аас жагсаалтаар сонгогдсон гишүүн Ж.Баярмаа энэ талаар тодруулж, хэлэлцүүлэг өрнүүлээд авсан. Тэрбээр “Улс төрийн намын эрх ашиг гэж юу вэ. Ёс зүйн хувьд энэ нь Засгийн газрын мөрийн хөтөлбөрт байх нь зөв үү. Заавал дугаарлах ёстой бол үндэсний эрх ашиг нэгдүгээрт, олон нийтийнх хоёрдугаарт байх ёстой. Гайхаад байна” гэсэн юм. Ерөнхий сайд энэ эрх ашгийн эрэмбээ цээжээрээ хамгаалав. “Мөрийн хөтөлбөрийг боловсруулах явцад ажлын хэсэгт багтсан УИХ-ын зарим гишүүний зүгээс С.Зориг агсны үгийг оруулахгүй, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэлмэгдсэн тухай асуудлыг аль болох бага яриач гэж байсан. Яг энэ эрэмбэ дараалал алдагдсанаас л өнгөрсөн 30 жилд үүссэн, одоо бидний шүүмжлээд буй бүхэн эхтэй гэж боддог. Тиймээс ардчилсан хувьсгалыг удирдсан хүмүүсийн нэг болох С.Зоригийн үзэл санаа, үйл хэргийг бүдгэрүүлэх аливаа алхамтай Ерөнхий сайдын хувьд огт эвлэрэхгүй, үүнээс огт ухрахгүй. Улсын эрх ашиг нэгт, улс төрийн намынх хоёрдугаарт, эцэст нь хувийнх байх учиртай. УИХ-ын гишүүд тангараг өргөхдөө хувийн эрх ашгаа хойш тавьж ажиллахаа амладаг. Ийм агуулгатай” гэв. Засгийн газар түүний хэлснээр олон нийтийн эрх ашиг, улс орны хөгжлийн төлөө ажиллах үүрэгтэй. Тэгэхээр боловсруулсан мөрийн хөтөлбөр нь ч ард түмэнд зориулсан, бидний амьдралд тулгамдсан асуудлуудыг хэрхэн шийдэх, ямар өгөөж өгөх, улс орны хөгжлийг хэрхэн өөд татахад чиглэсэн байх учиртай. Гэтэл суурь зарчмаа Ерөнхий сайд олон нийтэд биш, танхимын гишүүддээ л зориулсан болж таарч байна. Ерөөсөө намын эрх ашгийг заавал хамгаалах, багтаах ёстой л аж. Ийм “сонин” тайлбарынх нь хариуд Ж.Баярмаа гишүүн “Эрх ашгийн эрэмбэ бол номлоод байх шаардлагагүй, хүн бүр мэддэг, ёс суртахуунтай холбоотой асуудал. Үүнийг Засгийн газар мөрийн хөтөлбөртөө оруулж байгаа нь ичмээр зүйл л дээ. Улс төрч хүнд угаасаа хувийн эрх ашиг гэж байх ёсгүй” гэв. Танхимын тэргүүнийх нь хэлсэн тайлбараас үзвэл уг хөтөлбөрийг улс орны сайн сайхны төлөө гэхээсээ илүү намын эрх ашгийг хангахад хандуулаад буй юм биш биз гэсэн хардлага төрнө. Үүнийг МАН-ыг өнгөрсөн найман жилийн турш шүүмжилсэн ч цагаа тулмагц хамтарч орхисон АН-ын дарга, Эдийн засгийн хөгжлийн сайд Л.Гантөмөр баталгаажуулав. Тэрбээр мөрийн хөтөлбөрийн нэрний утгыг тайлбарлахдаа “Ардчилсан хувьсгалын удирдагч С.Зоригийн хэлсэн үгэнд үндэслэж хөтөлбөрийнхөө чиглэлийг гаргасан. Бид удирдагчаараа бахархаж байж ардчилсан хувьсгалыг цааш баталгаажуулна. Хоёр дахь давлагааг 126 гишүүнтэй энэ парламент түрнэ гэж ойлгож байгаа. Сонгуулийн холимог системийг амилуулах ёстой. Үүний тулд зоригтой алхам хийнэ” гэлээ. Коммунист нэртэй, ардчилсан хувьсгалын удирдагчийн үзэл санаан дээр суурилсан ч намынхаа эрх ашгийг хувь хүнийхээс илүү үзсэн хөтөлбөр. Нэг л логикгүй сонсогдож байна уу. МАН-ынхан УИХ-ын сонгуулиар С.Зориг агсны хэргээр пиар хийж, сөрөг хүчнээ буруутгасаар олонх болж чадсан. Харин АН-ынхан үүнийг нь эсэргүүцэж байсан юм. Харин одоо “тахин шүтэх” нэг дүр бий болгоод, үүнд нь АН-ынхан ч бас нэгдчихсэн бололтой.
ХУРДТАЙ ХӨГЖИЛД ХҮРЭХ МӨРӨӨДӨЛ
“Хурдтай хөгжлийн төлөөх зориг” гэрээг гурван нам байгуулж, Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тус тусын чиглэл, бодлогоо тусгасан. Бүхэлд нь харвал авууштай, зөв санал, төлөвлөгөө мэдээж бий. Хөгжлийн тулгамдсан асуудлуудыг хурдтай шийдвэрлэх, олон жил улстөржин гацсан төслийн зангилааг тайлахад уг хөтөлбөр чиглэсэн хэмээн Засгийн газрын тэргүүн онцолж буй. МАН сүүлийн найман жил дангаар, төрийн бүх шатанд эрх барьсан. Гэтэл урт хугацаанд гацсан гэх төслүүдээ тэр найман жилд огт урагшлуулж чадаагүй байх нь. Харин заавал АН, ХҮН намтай хариуцлагаа хуваах цаг үед л “хурдтай урагшлуулах” ёстой бололтой. Мөрийн хөтөлбөрт ирэх дөрвөн жилд эдийн засгийн өсөлтийг 5-6 хувьд хадгалж, инфляцыг нэг оронтой тоонд барина гэжээ. Ингэж чадвал төлөвлөсөн олон ажлаа хэрэгжүүлж, хөтөлбөрөө бодит болгох боломжтой юм байна. “Шинжлэх ухаан, технологи, хиймэл оюун ухаанд суурилсан хөгжлийн цаг хугацаа үүнээс хэд дахин хурдтай өрнөж, аж үйлдвэрийн тав, цаашлаад зургаадугаар хувьсгалтай золгуулахад бид бэлэн байх учиртай” хэмээн Ерөнхий сайд хэлжээ. Тиймээс өнгөрсөн найман жилийнх шиг мөлхөлгүйгээр гүйх гээд буй юм байна. “E-Mongolia” платформын хэрэглэгчдийн тоог 2.2 саяд хүргэж, хүний оролцоогүй, хиймэл оюун ухаанд суурилсан технологид шилжүүлснээр төрийн албаны чиг үүргийн давхардлыг нэгтгэж, авлигын үндсийг арилгахад чухал нөлөө үзүүлнэ гэж Засгийн газар зорьсон аж. Манай улсад цахим засаглал хөгжиж байгаа. Гэхдээ тун удаан. Харин дэлхийд хиймэл оюун ухаан, техник, технологийн дэвшил маш хурдтай өрнөж буй. Хамтарсан Засгийн газар мөрийн хөтөлбөрөө “хурдтай” хэмээн тодотгоод ч ирэх дөрвөн жилд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлж амжих нь юу бол. Дижитал үндэстэн, цахим засаглал зэрэг нэр өгөөд өнгөрсөн он жилүүдэд юу өөрчлөгдөв. Тэгэхээр гоё нэр, гоё амлалт, төлөвлөгөөгөө хэрэгжүүлэх бодит тооцоо, судалгаанд л найдсан нь дээр биз ээ. Тэгж чадвал дэлхийн хөгжилтэй дөхөхгүй ч чирэгдээд ч болов ахиж чадна.
ТӨСВИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН ТУХАЙ ХУУЛИЙН “ХЭРЭГ” ДУУСАВ УУ
Ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй хоёр дахь гол асуудал нь төсвийн тодотгол. Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нийт 120 орчим их наяд төгрөгийн хөрөнгө оруулалт хэрэгтэй аж. Гэтэл улсын төсвөөс энэ үнийн дүнгийн дөнгөж 12.3 хувийг санхүүжүүлэх боломжтой юм байна. Мөрийн хөтөлбөрийн хүрээнд нийт 14 том мега төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна. Энэ бүхнийг хэрэгжүүлэх эхлэлийг тавихын тулд улсын төсөвт тодотгол хийх гэж буй юм. Засгийн газар цомхон төртэй байж, төрийн албан хаагчдын орон тоог 10 хувиар бууруулна гэсэн. Харин бодит байдал дээр хамгийн олон буюу 23 сайд томилж, төсвийн тодотголоор урсгал зардлыг 1.4 их төгрөгөөр нэмэхээр оруулжээ. Төсвийг нийт 3.1 их наяд төгрөгөөр тодотгож, үүгээрээ 10 гаруй том төслийг эхлүүлэх юм билээ. Энэ талаар Үндэсний эвслийн тэргүүн, гишүүн Н.Номтойбаяр “Өмнөх Дарханы арьс, ширний, Нефтийн үйлдвэр зэрэг шиг дуусгалгүй сэгэлж орхих эрсдэлтэй юм байна, энэ ажилд хувийн хэвшлийг оруулахгүй, төр ганцаараа гүйцэтгэх гэж буй нь бүр бүтэл муутайн дээр авлига, хүнд суртлыг л нэмэгдүүлэхээс өөрцгүй” хэмээн шүүмжилжээ. ИЗНН-ын дарга, гишүүн Б.Батбаатар “Засгийн газар ашиг олдог нэг ч бизнес хийх ёсгүй. Ямар ч хувийн хэвшил Засгийн газартай өрсөлдөж дийлэхгүй. Тиймээс олон монгол хүн эх орноосоо гарах арга зам хайж байна” гэсэн юм. Эдийн засгийн хөгжлийн сайд үүнд “Үндэсний амбицыг Засгийн газар нь манлайлдаг. Тиймээс Засгийн газар чиглүүлнэ, старт ап, инновацаа хийнэ. Хөгжиж буй бүх оронд ийм байгаа. Хувийн хэвшилд бүх ажлаа өгөөд, Засгийн газар юунд ч оролцохгүй байна гэж үгүй. Онол хөгжиж, илүү биежиж, ондоошиж байгааг бүгдээрээ ойлгох хэрэгтэй” гэсэн хариу өгсөн байна лээ. Мөн төсвийн тодотголын хүрээнд өргөн барьсан холбогдох хуулиуд дотор Төсвийн тогтвортой байдлын тухай хууль багтжээ. Монгол Улсын дараагийн 30 жилийн хөгжлийн шинэ загварт тохирсон, эдийн засгийн нөөцөөр үсрэнгүй хөгжилд чиглэсэн бүтээн байгуулалтын төслүүдийг хэрэгжүүлэхийн тулд Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагуудыг шинэчилж буйгаа Сангийн сайд Б.Жавхлан танилцуулжээ. 2013 оноос хэрэгжүүлж эхэлсэн уг хууль түүхэн үүргээ гүйцэтгэсэн учраас одоо шаардлагуудыг нь өөрчилж буй гэнэ. УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэж буй эдгээр асуудлыг гуравдагч хүчнийхэн, иргэд ч анхааралтай ажиглах нь чухал. Үгүй бол Үндэсний эвслийн гишүүн А.Ундраагийн хэлсэнчлэн “хуйвалдааны Засгийн газар” болчих эрсдэл бий. Оруулж ирсэн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрөө Засгийн газарт эвссэн намууд хамгаалах нь зүй ч барьж буй суурь үзэл санаа, хэрэглэж байгаа нэршил, уриа тэргүүтэн нь нэг л ардчилсан биш сонсогдох болов. Энэ Засгийн газар хэр удах нь хэрэгжүүлэх хөтөлбөрөөс нь ч хамаарах л учиртай.