Манай улсад улаан бурхан өвчний эхний тохиолдол бүртгэгдсэнээс хойш хагас сарын хугацаа өнгөрч байна. Энэ хугацаанд дөрвөн хүн өвчилж, 700 гаруй иргэнийг ойрын хавьтлаар тогтоон тусгаарласан юм. Харин өчигдрийн байдлаар уг халдвараар өвчилсөн хүн байхгүйг ЭМЯ-наас мэдээлэв. Өөрөөр хэлбэл, улаан бурхнаар өвчилсөн дөрвөн иргэн эдгэрч эмнэлгээс гарчээ.
Сэжигтэй нэг тохиолдлын хариу сөрөг гарсан байна. Хэдийгээр өвчлөл намжмал хэлбэрт шилжсэн ч эрсдэлийн үнэлгээгээр Улаанбаатар хотод халдвар өндөр гэж гарсан байна. Учир нь сургууль, цэцэрлэг эхлэх гэж буй энэ үед хүүхдүүдэд улаан бурхны халдвар тархах эрсдэлтэй гэж эрүүл мэндийн салбарын мэргэжилтнүүд дүгнэжээ. Улаан бурхны халдварлах чадвар 96-98 хувьтай тул анхаарал, сэрэмжээ алдахгүй байж, шаардлагатай хариу арга хэмжээг даруй авахыг салбарын мэргэжилтнүүд нь эмч, эмнэлгийн ажилтнуудад сануулсаар байгаа аж.