Шинэ сувилагчийг ажлын байранд нь дадлагажуулан сургах сургалтын хөтөлбөрийг боловсруулан батлуулж, анхны сургалтыг Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд зохион байгуулав. Тодруулбал, Эрүүл мэндийн яам, Эрүүл мэндийн хөгжлийн төвийнхөн Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-тай хамтран эмч ба сувилагчийн төгсөлтийн дараах сургалтыг сайжруулах төслийг 2021 оноос эхлүүлсэн билээ. Энэ оныг дуустал үргэлжлэх тус төслийн хүрээнд дээрх сургалтын хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд шинэ сувилагчийг өөрийн байгууллагад ээнэгшүүлэн дасгаж хүлээн авах, сэтгэл зүйг нь бэлдэж, цаашид тогтвор суурьшилтай, үр бүтээмжтэй ажиллахад дэмжлэг үзүүлнэ гэж найдаж буй аж.
Ташрамд дурдахад, эрүүл мэндийн салбарт нийт 14 000 гаруй сувилагч ажиллаж байна. Жилд дунджаар 700 гаруй сувилагч сургууль төгсөж, ажлын байранд гардаг аж.
Бэлтгэсэн Ч.Туяа