Олон улсын магадлан итгэмжлэлийн JCI байгууллагын Ази, Номхон далайн бүсийн захирал Жон Юн, “Интермед” эмнэлгийн чанар, аюулгүй байдал хариуцсан захирал И.Бат-Эрдэнэ нар Эх, хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв (ЭХЭМҮТ)-д өчигдөр ажиллажээ. Тус эмнэлэг нь Олон улсын магадлан итгэмжлэлд хамрагдах бэлтгэл ажлын хүрээнд үйлчлүүлэгч төвтэй эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний олон улсын стандартыг хангахад чиглэсэн ажлуудыг эхлүүлсэн аж. Үүнтэй холбоотойгоор Жон Юн Монголд ажиллахдаа тус төвд зочилсон юм байна. Энэ үеэр Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлын албаны дарга А.Оюунчимэг JCI-ийн магадлан итгэмжлэлд хамрагдах ажлын хүрээнд бэлтгэл хангаж буй талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгчээ. Үүний дараа албаныхан Эх барих, эмэгтэйчүүдийн эмнэлгийн төрөх болон Яаралтай тусламжийн тасаг, Хүүхдийн эмнэлгийн үйл ажиллагаатай танилцсан байна.
Манай улсын тухайд Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг олон улсын магадлан итгэмжлэлийг өнгөрсөн онд анх удаа авсан. Ингэснээр олон улсын жишигт нийцсэн эрүүл мэндийн чанартай, аюулгүй тусламж, үйлчилгээг хүргэх, төрийн өмчийн анхдагч эмнэлэг болжээ. Харин хувийн хэвшлийн эмнэлгүүдээс 2016 онд “Интермед” олон улсын магадлан итгэмжлэл хүртсэн аж. Төрийн өмчийн бүхий л эмнэлэг олон улсын магадлан итгэмжлэлд хамрагдахаар бэлтгэл хангаж буйг ЭМЯ-наас мэдээлсэн юм. Энэ удаа ЭХЭМҮТ олон улсад магадлан итгэмжлүүлэхээр бэлдэж буй бөгөөд ирэх оны нэгдүгээр сараас илүү эрчимжүүлэх гэнэ.
Ташрамд дуулгахад, Joint commis¬sion international (JCI) нь эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагыг магадлан итгэмжилдэг дэлхийн тэргүүлэгч олон улсын байгууллага юм. АНУ-ын Чикаго хотод төвтэй тус байгууллагын гол зорилго нь эмнэлэгт хандсан үйлчлүүлэгч бүрийн аюулгүй байдлыг дээд зэргээр ханган, өндөр чанартай тусламж, үйлчилгээг үзүүлэхэд оршдог. Тусламж, үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах зорилго бүхий бүлэг стандартыг гурван жил тутам шинэчилдэг аж. Үүнийгээ мөрдөж буй, эсэхийг хатуу хянаж, эмнэлгүүдэд биечлэн очиж шалгадаг юм байна.
Бэлтгэсэн Ч.Туяа