Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан, уяачдын баяр, шашин, соёлын уламжлалт “Даншиг” гээд өв соёлын аль томоохон арга хэмжээнүүдийг зохион байгуулдаг Хүй долоон худгийн ногоон хөндийг наадамчин олон хогийн цэг болгож орхижээ. Хажуугаар нь өнгөрсөн, анзаарсан улс “Хүй мандлын дэнжээ хогийн хөндий болгочхож” хэмээн толгой сэгсрэн, шогширч байна. Тэсгэл алдсан зарим нь зураг, дүрс бичлэгүүдийг цахим сүлжээнд баримт болгон оруулж, Хүй долоон худгийн одоогийн нөхцөл байдлыг нийслэлчүүдэд харуулав. Саяхан л найр наадмын хөл тасрахгүй бужигнаж байсан газар одоо эзэнгүйдэж, овоолсон хог, хөглөрсөн цааснаас их зүйлгүй болжээ.
Хүй долоон худагт Үндэсний их баяр наадмын дараа “Залуучуудын соёлын наадам”, хамгийн сүүлд “Даншиг наадам, хүрээ цам-2024” арга хэмжээг зохион байгуулсан юм. Гэтэл үүнээс хойш 10 гаруй хоног өнгөрсөн байхад тухайн хэсгийг цэвэрлээгүй, ил задгай хог хөглөрүүлж, байгаль орчин бохирдуулж байна. Арга хэмжээний үеэр ажиллуулсан ариун цэврийн байгууламж, хогийн төвлөрсөн цэгүүд орчимд хуримтлагдсан хаягдлыг хариуцсан хүмүүс нь хугацаанд нь тээвэрлэж, цэвэрлээгүйгээс ийм байдал үүсжээ. Энэ нь манай улсад хогны менежмент хэр муу байгааг, тэр дундаа аливаа үйл ажиллагааны дараах цэвэрлэгээ, ариутгалд ямар хэмжээнд санаа тавьдгийг, суурьшлын бүс, олны нүднээс хол газруудад хот, нийтийн ажлыг яаж хийдгийг харуулсан тод жишээ болов.
Бэлтгэсэн Н.Мишээл