Улаанбаатараас Орхон аймаг чиглэлийн авто замын 92.28 км-ийг нь шинэчилж сайжруулах ажлыг эхлүүлжээ. Үүний дүнд одоогоор 10 км-ийг нь бариад буй аж. Уг авто зам нь Төв аймгийн Шар хөтөл гэх газраар дайрч, цааш Орхон аймаг руу хүрэх юм. Ийм замтай болсноор Улаанбаатараас Орхон аймаг хүртэл нийт 380 км туулдаг байснаас 100 км нь хасагджээ.
Ингэснээр Хөвсгөл, Булган зэрэг баруун аймаг руу зорчиход цаг хугацаа хэмнэхээс гадна шатахуун, эдийн засагт ч хэмнэлттэй байхаар төлөвлөсөн гэнэ. Эл ажлыг улсын төсөв болон Европын сэргээн босголт, хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр барихаар төлөвлөж байгаа аж. Тухайлбал, улсын төсвөөс найман тэрбум төгрөг зарцуулах гэнэ.
Ташрамд дурдахад, улсын чанартай авто замын цахим удирдлагын нэгдсэн тогтолцоо бий болгож, тогтвортой ажиллуулахад чиглэсэн “К-Смарт” авто замын менежментийн системийг орон нутгийн авто замд суурилуулж эхэлжээ.
А.ДӨЛГӨӨН