“Хүчин төгөлдөр мөрдөж буй стандартын шаардлагын дагуу замын хашлага (бордюр)-ыг шинэчилнэ. Харин ирэх жилээс бордюрыг дахин өндөрлөхгүйгээр шинэ технологиор авто зам барина” гэж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар хэлсэн юм. Тодруулбал, тэрбээр өнгөрсөн бямба гарагт авто замын засварын компаниудын удирдлагатай уулзах үеэрээ ингэж тайлбарласан билээ. Нийслэлийнхний энэ намрын тренд үг нь “Ваав, бордюр” болоод буй.
Энд тэндгүй бордюр хуулж, зам эвдэж, түгжрэл үүсгэж байгаад иргэд ихээхэн бухимдаж, байр сууриа илэрхийлэх болов. Хагарч, эвдрээгүй, хамуурч элэгдээгүй бордюруудыг суга татаж, явган хүний зам, талбайг сүйтгэж байгааг эсэргүүцэн, татвар төлөгчдийн мөнгийг зөв зохистой захиран зарцуулахыг шаардаж байгаа юм.
Өвчтэй хүүхдүүд эмнэлгийн шалан дээр хэвтэхэд, цэцэрлэгийн нэг умгар өрөөнд багачууд 60-70-уулаа амьсгалах агааргүй суухад, сурагчийн тоо гүйцсэн гээд харьяаллынх нь сургууль авахгүй Үндсэн хууль зөрчихөд, утаанд хордсон иргэд уушгины болон бусад хавдраар өвдөхөд, хагарсан, эвдэрсэн зам дээр автомашинтайгаа осолдоход, зам, талбай, шат, зориулалтын тоног төхөөрөмжгүйгээс хөгжлийн бэрхшээлтэй иргэд гэрээсээ гарч чадахгүй “хоригдоход” стандарт ярьдаггүй, бас үйлчилдэггүй. Монголд зөвхөн бордюрын л стандарт л гэж бий. Тэрхүү стандартыг нийслэлийн Засаг даргаас нь эхлээд бусад албан тушаалтан ягштал мөрдөх үүрэгтэй. Авто замын бордюр нь зорчих хэсгээс 15 см-ээс дээш өндөртэй байх ёстой. Үүнээс нэг см дутах, бас илүү гарах ёсгүй. Гэтэл энэ стандартын дагуу хуучин бордюр дээр авто замыг асфальтаар хучихад замын хашлагын өндөр нь хүрдэггүй гэнэ. Өөрөөр хэлбэл, одоогийн бордюр 7-8 см “тагжгар”. Тиймээс л манай дарга нар стандартад нийцүүлэх гэж зовохдоо бордюрыг солих мэргэн санаа бодож олсон юм байх. Энэ нь олон нийтийн шүүмжлэлд өртөж, үнэнд гүйцэгдээд ирэхээр хотын дарга “Ирэх жил бордюр солихгүй. Нэг ч төгрөг төсөвлөхгүй” хэмээн аргацааж, иргэдийн амыг таглахыг оролдов. Тодруулбал, түүний хэлснээр бол өнөөдөр Барилга, хот байгуулалтын сайд бордюрын MNS стандартыг өөрчлөх гэнэ. Хуулиар бус, нэг сайд, даргын дүрэм, журам, стандартаар бүхнийг шийддэг Монгол Улсад энэ нэг их гайхах асуудал биш юм. Үүнтэй уялдуулан Х.Нямбаатар “Энэ жил бид Улаанбаатар хотын төвийн авто замуудыг шинэчилж, дуусгана. Ирэх жил гэр хорооллын дундах авто замыг шинэчилнэ. Бордюрын стандартад өөрчлөлт оруулж байгаатай холбогдуулан авто замын ажил гүйцэтгэж буй компаниуд хуучин бетон бордюрыг хоёр хэсэгт хуваан ангилах юм. Нэгдүгээр зэргийн буюу дахин ашиглах боломжтой бордюрыг нийслэлийн Замын хөгжлийн газарт хүлээлгэн өгнө. Харин хоёрдугаар зэргийн буюу дахин ашиглах боломжгүйг нь Морингийн давааны барилгын материал дахин боловсруулах газарт хүлээлгэн өгнө. Ирэх жил Туулын болон Улаанбаатар хотын тойрог хурдны замын ажлыг эхлүүлнэ. Авто зам, засварын төсөвт ирэх онд шинээр бродюрын мөнгө төсөвлөхгүй гэдгийг мэдэгдье” хэмээсэн. Түүний хэлснээр бол хуучин бордюрыг “халах” гол шалтгаан нь MNS стандарт аж.
Их ажилд нь “тээг” болсон стандартад өөрчлөлт оруулбал ирэх жил хөөрхий бордюрууд дахин “зовохгүй” бололтой. Явган хүний болон дугуйн замын засвар, арчлалт нэрээр жил бүр газар ухаж, бордюр сугалдаг жишиг тогтоод удаж байна. Нэг жилийн насгүй бордюр тавьж, дахин дахин солих явдал хэрээс хэтэрсэн нь мөнгө гувчуулах арга гэж хардахаас өөр аргагүйд хүргэж байна. Хэчнээн ширхэг бордюрыг хэдэн төгрөгөөр худалдан авч, засварын ажилд хэр хэмжээний хөрөнгө хуваарилсныг ил тод мэдээллээч ээ. Төсөвт өртөг нь бүрхэг, мэдээлэл нь тодорхойгүй учраас ашиг сонирхлын зөрчилтэй, эсэхийг тодруулах шаардлага үүсэж буй юм.
Гантиг чулуун, гайхалтай сайхан бордюрын нэг бүрийн үнэ хэд вэ. Нэр бүхий хүмүүс бордюрын үнийг тооцож судлаад, цахим орчинд хуваалцаж байна. Тухайлбал, нэг бордюрын үнэ 12 000 төгрөг бөгөөд гааль, тээвэр ачиж, буулгах хөлсийг нэмж тооцоход 18 290 төгрөг болж буй аж. Гэтэл явган хүний зам засварт зарцуулахаар төсөвлөсөн 35.6 тэрбум төгрөгийн 25 тэрбумыг нь бордюрт зарцуулах тооцоо гарсан гэх. Мөн өөр нэг иргэн БНХАУ-аас хамгийн сайн чулуун хавтан импортлоход нэг бүрийн үнэ нь12 000 төгрөг болж буйг онцлоод эл дүнг манай хотынхон 135 000 төгрөгөөр тооцон бордюр сольж, татвар төлөгчдийн мөнгийг үрэн таран хийж байгаад бухимдсанаа илэрхийлжээ. Бордюрын өртгөөс гадна эвдэлж, сүйтгэсэн замыг засахад дахиад л иргэдийн халааснаас мөнгө урсах нь.
Боржин чулуун бордюрыг нийт 35.6 тэрбум төгрөгөөр сольж буй гэх мэдээлэл олон нийтийн дунд тархсан. Гэвч үүнийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаныхан үгүйсгээд буй. Явган хүний болон дугуйн замын засвар, арчлалтад дээрх мөнгийг төсөвлөсөн бөгөөд үүн дотор бордюр солих төсөв багтаж буй гэх. Татвар төлөгчдийн төлсөн 35.6 тэрбум төгрөгийн яг хэдийг нь гантиган бордюр авахад зарцуулсан бэ. Иргэдэд ил тод мэдээлэл хэрэгтэй болохоос “Энэ мөнгөнд нь багтаасан” гэх бүрхэг тайлбар шаардлагагүй.
Улаанбаатар хотын эвдэрсэн замыг засахад энэ онд 270 тэрбум төгрөг төсөвлөжээ. Замын хашлага сольсон газруудаар явган хүн явах боломжгүй болсон, бордюр солиод замыг нь засахгүй үлдээсэн гэх иргэдийн шүүмжлэлд хотын дарга “Бордюр солиод замаа засаагүй орхисон газар байвал би огцоръё” гэж мэдэгдсэн билээ. Түүний энэ “поп” мэдэгдэл хариуцлагатай гэхээс илүү давилуун санагдсаныг нуух юун. Яагаад зүв зүгээр байсан бордюрыг хуу хамж, иргэдийн мөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулж буйдаа оновчтой тайлбар өгч чадсангүй. Түүний хэлснээр нэгдүгээрт, стандарт мөрдөхийн тулд, хоёрдугаарт, дотоодын компаниуд бордюр үйлдвэрлэж нийлүүлэх боломж, нөөц байхгүй гэж мэдэгдсэнтэй холбоотой гэх. Дотооддоо үйлдвэрлэж чадахгүй учраас бордюр импортлохоос өөр арга байгаагүй гэсэн цэвэрхэн хариултаар ам таглаж орхилоо. Бордюрын стандартыг мөрдүүлдэг шигээ иргэдийн эрхийг хөндсөн олон асуудлыг ном журманд нь оруулсан бол өдгөө Улаанбаатар хот хамгийн аз жаргалтай нийслэл болох байсан биз ээ. Гэвч харамсалтай нь, бордюрын стандартаас бусад нь нийслэлд чухал биш бололтой. Төсвийн мөнгө уйлдаггүй гэдэг шиг жил бүр хэдэн арван тэрбум төгрөгийг зассан замаа эвдэхэд зарцуулдаг улс манайхаас өөр бий болов уу. Ганц жишээ хэлэхэд, хойд хөршийн бордюрын эдэлгээний хугацаа нь 40 жилээс доошгүй байдаг гэнэ. Хүйтэн, халууныг тэсвэрлэх хугацаа, ус шингээх чадвар гээд бүгдийг нарийн тооцдог байна. 40 жил биш юм гэхэд, 10 жилийн хугацаанд “гар хүрэхгүй” байхаар ажилладаг болоосой.
Хотын төвөөс эхлээд Яармаг, Нисэхийн замд бордюрыг нэгэнт солиод эхэлсэн учир ядаж мэргэжлийн түвшинд хийж гүйцэтгэхийг олон хүн сануулж буйг тэмдэглэхэд илүүдэхгүй биз. Явган хүн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд саад болохгүй байх хэрэгтэй. Гэтэл зарим газар явган хүний зам дагуу өндөр бордюр суулгаснаас болж тэргэнцэртэй иргэд тойрч явах шаардлага үүсээд буй ажээ. Нэг ажил хийх гэж нөгөөг нь эвддэг, хүний эрхийг зөрчдөг явдал энэ удаа ч бас давтагдаж буй нь харамсалтай. Хотын дарга “Улстөржиж, ажил хийлгэхгүй байна” хэмээн гомдоллож, харагдсан бүхнээ хашхирч зандрахын оронд нийслэлд тулгамдсан олон асуудалд бордюрын стандарт шиг санаа тавьж, засаж сайжруулдаг болоосой. Бордюр солилоо гээд замын түгжрэл буурах уу, иргэдийн амьдрал сайжрах уу. Ирэх жил гэхэд өөр нэг дарга нь шинэ стандарт яриад, өнөөдрийн гантиган бордюрыг ад үзэж, авч хаях вий. Үерээс сэргийлнэ гээд голуудынхаа голыг тасалсан шиг стандартад нийцэхгүй шалтгаанаар бордюр сольж, замыг там болгосны цаана хэний ашиг сонирхол үйлчилж байна вэ.