Улсын нэгдүгээр төв эмнэлэг (УНТЭ)-т бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийлгэсэн хоёр хүн тутмын нэг нь түүдгэнцэрийн архаг үрэвслийн шалтгаантай байсныг эмч нар хэллээ. Бусад нь буюу 25-30 хувь нь чихрийн шижин, 10-15 хувь нь артерийн даралтын улмаас, гурван хувь нь удамшлын өвчний, цөөн хувь нь онош тодорхойгүй шалтгаанаар уг мэс заслыг хийлгэжээ. Тэгвэл тус эмнэлгийн Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийнхан өчигдрийн байдлаар 363 дахь хүнд уг нарийн төвөгтэй мэс заслыг хийгээд байна. Өнгөрсөн хугацаанд үйлчлүүлсэн эдгээр өвчтөний 15 нь хүүхэд, бусад нь насанд хүрэгч аж.
Бөөр шилжүүлэн суулгах үндэсний багийнхан 2023-2024 онд Монголд анх удаа цусны бүлэг тохироогүй донороос хоёр хүүхдэд бөөр шилжүүлэн суулгах мэс засал хийсэн нь амжилттай болж, уг эмчилгээг нутагшуулжээ. Мөн хэт мэдрэг, эсрэг бие өндөртэй үйлчлүүлэгч нарт дархлаа дарангуйлах эмчилгээг өндөр түвшинд хийснээр уг технологийг бас нэвтрүүлж чадсан гэлээ.
Ташрамд сонирхуулахад, УНТЭ кадавр буюу тархины үхэлтэй донороос 45 хүнд бөөр шилжүүлэн суулгах эмчилгээ хийсэн аж. Гэвч уг мэс заслыг хийлгэх шаардлагатай ч донорын хүрэлцээгүйгээс жагсаалтад хүлээгдэж буй хүний тоо өдөр ирэх тусам нэмэгдэж, тэр хэрээр хугацаа алдах, нас барах тохиолдол гарсаар байгаа тул тус эмнэлгийнхэн Донорын тухай хуулийг олон нийтэд таниулах ажлыг эрчимжүүлж буйгаа хэлсэн.