Энэтхэг харваачийн сэтгэл хөдөлгөм түүх Энэтхэгийн байт харваачин Шитал Деви “Парис-2024” паралимпийн наадмын гол оддын нэг болоод байна. 17 настай Деви төрөлхийн хоёр гаргүй бөгөөд хөлөөрөө харвадаг юм. Тэрбээр ганцаарчилсан төрөлд шөвгийн 16-д шалгарсан бол холимог хосоос хүрэл медаль хүртсэн билээ. ОЛИМП ХҮРЭХ АМАРГҮЙ ЗАМ Шитал Деви 2007 онд Энэтхэгийн Лойдхар хотод төржээ. Фокомел гэж нэрлэдэг гений маш ховор өвчнөөс шалтгаалж тэрбээр төрөлхийн хоёр гаргүй төрсөн байна. Гэвч Деви тун сэргэлэн, хөдөлгөөнтэй охин байв. Түүнийг 17 настай байхад Энэтхэгийн армийн “Rashtriya Ri¬fles” бүлэг Киштварт болсон хүүхдийн арга хэмжээний үеэр олж харж, охиныг эмчлэх, боловсрол олгоход анхаарахаар шийдсэн аж. Охиныг уг нь хиймэл гартай болгохоор шийдсэн байна. Гэвч ийм боломжгүй нь удахгүй тодорхой болжээ. Деви 2021 оноос байт харваагаар хичээллэж эхлэв. Хоёр гаргүй боловч байт харвааны төрөлд олимпын аварга болсон Мэтт Штуцманы арга техникийг дасгалжуулагч нар нь судлан Девид зааж эхэлсэн байна.
Тэрбээр 11 сар орчмын бэлтгэл сургуулилалтын эцэст 2022 оны Азийн паралимпийн наадамд оролцож, эмэгтэй ганцаарчилсан, холимог хосын төрөлд алт, эмэгтэй хосоос мөнгөн медаль хүртэж, бахдам амжилт гаргажээ. Ийнхүү Деви байт харвааны төрлөөр олон улсын тэмцээнд түрүүлсэн анхны гаргүй аварга, уг олимпоос хошой алтан медаль хүртсэн анхны эмэгтэй энэтхэг тамирчин болж түүх бичсэн байна. Чухам энэ мөчөөс түүний бичлэгүүд олны анхааралд өртөж эхэлсэн юм. Дараа жил нь Шитал ДАШТ-ээс мөнгөн медаль хүртсэн төдийгүй Азийн паралимпийн холбоо түүнийг оны шилдэг залуу тамирчнаар тодруулжээ. ХҮМҮҮС НАМАЙГ ШООЛЖ ИНЭЭДЭГ БАЙСАН Энэ оны долоодугаар сард 17 настай тамирчин Парисыг зорих Энэтхэгийн шигшээ багт багтжээ. “Эхэндээ хүмүүс намайг шоолж, “Энэ охин Энэтхэгийг төлөөлнө гэж үү?” хэмээн шүүмжилдэг байлаа. Харин өнөөдөр би “Намайг Шитал Деви гэдэг, би байт харвааны тамирчин, Энэтхэгийн шигшээ багийнх” гэж бардам хэлж чадахаар болсон. Хүмүүсийн инээдийг хүргэдэг байсан би шигшээ багийнхаа өмсгөлтэй тамирчин болж чадлаа. Сөрөг бүхнийг үл хайхарч, зорилгодоо л анхаарлаа хандуулаарай. Би чадсан юм чинь та ч бас чадна” хэмээн Шитал нийгмийн сүлжээнд бичиж байв. Парист энэтхэг тамирчин олны анхаарлыг улам их татах болсон. Наймдугаар сарын 30-нд Деви хэд хэдэн түүхэн амжилтын эзэн болов. Эхлээд тэрбээр паралимпийн эмэгтэйчүүдийн байт харвааны төрөлд оролцсон хамгийн залуу тамирчин болов. Хоёрдугаарт, холимог хосын төрөлд Ракеш Кумарын хамтаар дэлхийн дээд амжилтыг шинэчлэн 1933 оноо авчээ. Шиталд гурав дахь онцгой амжилтын эзэн болох боломж ч байсан.
Урьдчилсан харваанд Деви 703 оноо авч Британийн Фиби Патерсон Пайны тогтоосон 698 онооны дээд амжилтыг эвдсэн юм. Гэвч эл амжилтыг нь төд удалгүй Туркийн Ознур Жюре 704 оноо болгож шинэчилжээ. Ингээд Шитал хоёрдугаар байр эзэлж, шууд шилдэг 16-д харвах эрхээ олж авсан юм. “Би өөртөө итгэлтэй харваж эхэлсэн, үр дүн ч сайн байлаа. Хэрэв энэ амжилтаа хадгалж, харвалтаа улам төгөлдөржүүлж чадвал медаль авах боломж бий. Тэгвэл эх орон минь надаар бахархана” хэмээн тухайн үед Деви ярьж байв. Харамсалтай нь, тэрбээр энэ шатанд ялагдсан ч Чилийн Мариан Суньигатай үзүүлсэн дуэль нь асар өрсөлдөөнтэй болсон юм. Деви эхний цувралд 29:28-аар тэргүүлж байсан. Гэвч хоёр дахь цувралд алдаа гаргаж долоон оноо авснаар давуу байдлаа алджээ. Гуравдугаар цувралд онооны харьцаа 82:82 болж тэнцэв. Дараагийн шатанд хэн нь шалгарахыг сүүлийн харваанууд шийдвэрлэх ёстой боллоо. М.Суньига эхлээд 10, дараа нь есийг оносон бол Деви ч мөн адил 19 оноо авлаа. Гэвч сүүлийн сумаараа Мариана есийг оносон бол Шитал найман оноо авчээ. Ийнхүү хоёр бүсгүйн тулаан 138:137-гийн харьцаатай болж чили бүсгүйн талд ашигтайгаар эргэсэн юм. Хэдий Деви ялагдсан ч үзэгчдийн алга ташилтад умбасан билээ. Ердөө 17 настай түүнийг их амжилт хүлээж байгаа нь гарцаагүй
Н.Энхбаяр