Сүүлийн жилүүдэд арьс цайх өвчний тархалт эрчимтэй нэмэгдэн, залуус, бага насны хүүхдүүд ч өртөх болжээ. Эл өвчнийг нь анагаахын хэллэгээр витилиго гэж нэрлэдэг аж. Арьс цайх өвчин нь ямар нэгэн зовуурьгүй боловч хүнийг сэтгэл зүйн дарамтад оруулж, нийгмээс өөрийгөө тусгаарлахад хүргэдэг гэнэ. Үүнтэй холбогдуулан арьс, гоо заслын тэргүүлэх зэргийн их эмч, клиникийн профессор Г.Дашиймаатай ярилцлаа. Тэрбээр энэ чиглэлээр 30 гаруй жил ажиллаж буй туршлагатай юм.
-Биеийнх нь зарим хэсэг цайрсан хүн сүүлийн жилүүдэд цөөнгүй харагдах болжээ. Зарим нь үүнд сэтгэл зүй нөлөөлдөг гэдэг. Та мэргэжлийн хүний үүднээс арьс цайх эмгэг гэж юу болох талаар тайлбарлахгүй юу?
-Арьс цайх өвчнийг монголоор алаг мярай гэж нэрлэдэг юм. Харин анагаах ухааны хэллэгээр нь витилиго гэдэг. Энэ өвчин манайд төдийгүй дэлхий нийтэд газар авч, элбэгшиж байгаа. 1980-аад онд анх үүнийг судалж байхад ийм өвчтэй хүн харьцангуй цөөн байж. Гэтэл одоо эрчимтэй нэмэгдэн, арьс нь цайрч, цоохор эрээн болсон хүн цөөнгүй харагдах болж. Түүнчлэн бага насны хүүхдүүд ч өртөх нь нэмэгдэж байна.
-Энэ өвчин үүсэх гол шалтгаан нь юу юм бол?
-Маш олон төрлийн шалтгаан, хүчин зүйлээс үүдэн арьс цайрч болно. Одоо ч дэлхий нийтэд шалтгааныг нь олж илрүүлэхээр судалсаар байгаа. Яг юунаас болсон, үүнийг хэрхэн эмчлэх зэргийг тогтоохын тулд олон төрлийн судалгаа хийдэг. Гэвч одоо хүртэл шалтгаан нь тодорхойгүй, бас бүрэн төгс эмчилгээ олоогүй. Гэхдээ олон жилийн судалгааны үр дүнд хэд хэдэн шалтгаан уг өвчин үүсэхэд хамгийн ихээр нөлөөлж буйг тогтоосон юм. Энэ нь арьсан дотор байдаг хамгаалах үүрэгтэй меланин гэх бодисын цөөрөлтөөс үүсэлтэй. Түүнчлэн амьдралын буруу хэвшил, стресс зэрэг нь арьс цайхад хүргэж байна. Тухайлбал, нойроо бүрэн авч чадахгүй байх нь өвчлөх эрсдлийг нэмдэг. Мөн амьдралын буруу хэвшил, стресс зэрэг нь ч үүнд нөлөөлдөг.
-Ийм өвчтэй хүмүүст ямар эмчилгээ хийдэг вэ?
-Бид эрдсийн дутагдлаас үүсэж буй гэж үзсэн учраас үүнийг нь нөхөх эмчилгээ хийдэг. Мөн хоолны дэглэм маш сайн баримталж, нойроо хангалттай авах шаардлагатайг зөвлөж байна. Бид үүнийг цөөн тохиолдолд л эмчилж байгаа. Ер нь цаг алдалгүй эмчид хандан заавар зөвлөгөөг нь дагаж чадвал эдгэрдэг өвчин юм. Эмчилгээний хувьд бид өөрийнх цуснаас сийвэн бэлдэж тарьдаг.
-Сүүлийн үед хүүхдүүд ч өвчлөх нь нэмэгдсэн гэсэн шүү дээ. Хүүхдүүд яагаад арьс цайрах өвчтэй болж байна вэ?
-Эцэг эхчүүд нь амьдралын буруу хэв маягтай. Энэ нь хүүхдүүдэд нөлөөлж байна. Хүмүүсийн олонх нь хүүхдээ буруу хооллоод байх шиг харагддаг. KFC хараад жаахан хүүхэд нь хүртэл баярлаж байна шүү дээ. Үүнийг би эмгэнэл гэж боддог юм. Монголчууд эрт дээр үеэсээ л зөв хооллож, эрүүл мэнддээ анхаардаг байсан. Гэтэл одоо дэлхий даяарчлагдаж байна гэх нэрийн дор хүмүүс хооллолтын буруу хэв маягт шилжчихсэн. Энэ нь үнэхээр сэтгэл зовоосон асуудал болж байна. Энгийн мэт боловч их олон өвчний үүсвэр нь хооллолт юм. Тэгэхээр эрүүл, зөв хооллоход анхаарах шаардлагатай.
-Ихэвчлэн ямар шинж тэмдэг, зовуурь илэрч, хэр хугацаанд газар авдаг бол?
-Арьс нь цайрчихдаг учраас хүмүүс өөрсдийгөө оношилчхоод ирэх нь түгээмэл. Тиймээс энэ нь оношлоход бус, эмчлэхэд хэцүү өвчин юм. Ингэхдээ биеийн аль ч хэсэгт илэрч болно. Хүндэрвэл үс, сормуус, хөмсөг хүртэл цайрдаг. Загатнах, өвдөх зэрэг зовуурьгүй. Тиймээс хүмүүс ойшоохгүй явсаар улам ихэсгэчихдэг. Эхэн үедээ хэсэг газар цайж буй мэт харагддаг ч аажимдаа тархалт нь ихсэхийн зэрэгцээ илүү их цайрдаг. Тархалт нь тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалаад янз бүр. Заримдаа ганцхан жилийн дотор бүтэн бие цайх нь бий. Гэтэл зарим нь хэдэн арван жилийн турш нэгэн хэвэндээ байна. Эдгээр нь дархлаа, сэтгэл санааны байдал, бодисын солилцооноос шалтгаална.
-Үүнийг эмчлүүлэхгүй удвал хэр аюултай өвчин бэ?
-Тархалт нь ихсэх тусам эрсдэл нэмэгдэнэ. Арьс бол хүнийг хамгаалах эрхтэн. Гэтэл хамгаалж буй эрхтэн нь ямар ч дархлаагүй болж, эсүүд нь идэвхтэй ажиллахгүй, үндсэн үүргээ гүйцэтгэхгүй бол олон өвчний үндэс болно.
-Хэдэн насныхан дунд арьс цайх өвчин түгээмэл ажиглагдаж байгаа бол?
-Тархалтын хувьд нас, хүйсээр нь ялгаварлах боломжгүй. Аль ч насныханд түгээмэл ажиглагддаг болсон. Дэлхийн хүн амын хоёр хувь нь ийм төрлийн өвчтэй гэх судалгаа бий.
-Арьс цайрах өвчтэй ээжээс ийм өвчтэй хүүхэд төрөх эрсдэл бий юү?
-Ер нь удамших хандлагатай өвчин гэж үздэг. Миний ажилласан туршлагаас харахад арьс цайх өвчинтэй хүний хүүхэд ч бас витилиготой төрсөн тохиолдол цөөнгүй бий.
-Ийм төрлийн өвчинтэй хүмүүс эмчилгээнээс гадна амьдралын хэв маягтаа хэрхэн анхаарах шаардлагатай бол?
-Аль болох зөв хооллох хэрэгтэй. Ингэхдээ хоолондоо амтлагч хийхгүй байвал зохистой. Мөн нөөшлөгч бодистой бүтээгдэхүүнээс татгалзана. Үүнээс гадна дээр дурдсанчлан нойр хамгийн чухал нь. Хүн 22.00-02.00 цагийн хооронд нойроо бүрэн авах ёстой. Энэ хугацаанд авах ёстой нойр дахиж нөхөгддөггүй. Шөнийн цагаар хүний арьсны эсүүд амарч, сэргэж, ажлаа хийж байдаг учраас шөнийн нойр маш чухал. Үүнээс гадна стресс, уур бухимдлаа зөв тайлж, аль болох тайван байх хэрэгтэй. Өөртөө болон бусад хүмүүст сэтгэл зүйн дарамт үзүүлэхгүй байх нь чухал.
-Арьс цайх өвчнийг олон улсад хэрхэн эмчилж байна вэ?
-Олон улсад эмчилгээгүй гэж үздэг. Гэхдээ практикаас харахад эмчлэгддэг гэж хэлнэ. Дэглэмээ сайн барьж буй хүмүүст үр дүн гардаг юм. Хүн бүрийн арьсны цайралт, тархалт, хэмжээ харилцан адилгүй учраас эмчилгээний хугацаа ч янз бүр байдаг. Тиймээс зөвхөн тухайн хүнд тохирсон эмчилгээг хийдэг.
Ер нь арьсны өнгө өөрчлөгдөх шинж тэмдэг илэрвэл заавал нарийн мэргэжлийн эмчид хандах шаардлагатай. Үүний дараа оношоо бүрэн тодруулж, эмчилгээ хийлгэнэ.