Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болоход 31 хоног үлдэв. Уг сонгуулиар нийт нэр дэвшигчийн 20 хувь нь бүсгүйчүүд байх хуулийн зохицуулалт үйлчилж, АН, МАН-ынхан эл босгонд дөнгөж л хүргэсэн. Хуулиа мөрдсөн болж, нэр хаасан гэсэн үг. Харин гуравдагч хүчний намууд буюу ХҮН, ИЗНН-ынхан УИХ-ынхтай ижил буюу нэр дэвшигчдийнхээ 30 хувиас давуулж бүсгүйчүүдийг сойжээ.
Орон нутгийн өөрөө удирдах байгууллагад ажиллах төлөөлөгчдийг сонгох нь бидний өдөр тутмын амьдралд хамгийн чухал үйл явц. Улмаар аль нам олонх болохоос хамаарч хэн танай аймаг, сум, нийслэл, дүүргийг удирдах нь шийдэгдэнэ. Одоо хэн тухайн шатны сонгуулийн хороог удирдаж байна, тэр хүн дарга болно гээд ойлгочиход бараг болно. Тэгэхээр та бүхэнд тодорхой дүр зураг харагдах биз ээ. Сонголт хийхдээ үүнийг анхаарах учиртай юм. Хуульд яг ийм зохицуулалт үгүй ч улс төрд энэ жишиг үйлчилсээр уджээ. Юутай ч орон нутгийн өөрөө удирдах байгууллагыг бүсгүйчүүд удирдаж байсан туршлага манайд бий. Харин хүн амын талаас илүү хувь нь амьдардаг, байгуулагдаад 385 жил болж буй нийслэл Улаанбаатар хотыг эмэгтэй хүн удирдсан түүх үгүй юм.
100 ЖИЛИЙН ОЙ БА УЛИГ БОЛСОН СОНГОЛТ
Монгол Улсын нийслэл маань өнөөдрийн нэрээ авсны 100 жилийн ой энэ онд тохиож байна. Улаанбаатар нэртэй болсноос нь хойш нийт 34 хүн манай хотыг даргалжээ. Нийслэл хотоо авлигажсан сүлжээнээс салгаж, “суга” хөгжүүлэх даалгавартай ирсэн Х.Нямбаатар бол 34 дэх дарга. Тэрбээр 2023 оны аравдугаар сарын 2-нд сүр дуулиантайгаар томилогдсоныг уншигчид санаж буй. 33 дахь Засаг дарга Д.Сумъяабазар “ногоон автобусны хэрэг”-ээр ёс зүйн хариуцлага хүлээж огцормогц Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ “ганц дайчин” нь болох дээрх эрхмийг Хууль зүй, дотоод хэргийн сайд болон УИХ-ын гишүүний өндөр сэнтий, эрх мэдлээс түдгэлзүүлэн байж нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албанд томилсон юм. Гэвч тэрбээр өнгөрсөн хугацаанд баахан хуульд өөрчлөлт оруулснаас өөр тоймтой ажил хийж завдаагүй л байна. Хорооны даргын хийх ажилд оролцож, “газар дээр нь” ажилласаар хотын даргын маань гар татах болсон сурагтай. Гудамжинд авгай хүүхнүүдтэй хэрэлдэж, журам сахиулах сануулгыг өөрийн биеэр хүргэсээр хөөрхий минь ядарч буй аж. Уг нь хотын дарга бодлогоо тодорхойлж, хүмүүсээ чиглүүлээд сууж байх учиртай ч тэгж “түвдсэнгүй”. Учир нь тэрбээр нийслэлийн МАН-ын хороог удирдан хотын сонгуульд оролцож байна. “Давхар дээл”-ээ тайлан байж томилогдсон албан тушаалаасаа амархан салахыг хүсэхгүй, улирч сонгогдоод, урт удаан ажиллах зорилго тээж яваа. Тиймээс ажилсаг харагдахгүй бол болохгүй.
Улаанбаатар нэртэй болсноос хойш хотыг даргалсан анхны хүн нь М.Баяр байжээ. Мөн 1944-1956 он хүртэл 12 жилийн турш Г.Багаа нийслэл хотыг удирдсан юм билээ. 1992 онд Монгол Улс анхны, ардчилсан Үндсэн хуулиа баталсны дараа орон нутгийн хурлыг шинэчлэн байгуулах, Засаг дарга томилох шийдвэр гаргасан. Гэхдээ Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай бие даасан хуулийг 1996 онд л баталсан юм. ИТХ-ын төлөөлөгчид нь Засаг даргад нэр дэвшүүлдэг, дээд шатны удирдлага нь баталгаажуулан томилдог болсноос хойш М.Энхболд л хамгийн удаан буюу зургаан жил хотын даргаар ажилласан байна. Нийслэл хотын шинэ үеийн 100 жилийн түүхэнд ердөө 2012-2016 онд л ганцхан удаа АН эрх барьсан байдаг. Үүнээс бусад 96 жилд МАН хотыг удирджээ. Ингээд өнөөдөр бидний хот хэрхэн өөрчлөгдөв. Нэг дарга нэг л ажил амжуулсан болж, харин олон ажлыг үл хийж, гал унтраасаар өнөөдрийг хүргэсэн гэхэд болно. 100 жилийн хугацаанд АН нийслэл хотод эрх барьсан дөрвөн жилд л нийслэлчүүд тодорхой хэмжээнд хотын ногоон байгууламж, зүлэгтэй болж, шарилжнаасаа салсан, олон ч ажлыг тухайн үеийн Засаг дарга Э.Бат-Үүл хийснийг үгүйсгэх хүн үгүй байх. Гэхдээ энэ хүртэл бүх Засаг дарга эрэгтэй хүн байв. Нэг намыг, нэг хүйсийн хүнийг улиг болтол сонгоод Улаанбаатар дэлхийн хэмжээний стандарттай хот болон хөгжиж чадав уу. Үр дүнг нь бид бэлхнээ харж байна.
ЭМЭГТЭЙЧҮҮД ОРОН НУТАГТ
Манай улс 21 аймаг, есөн дүүрэг, 330 сумтай. Эдгээрийн ИТХ-д ажиллах төлөөлөгчдийг бид сонгох гэж буй. Тэгвэл 2020 оны сонгуулийн дараа нийт 36 сум эмэгтэй Засаг даргатай болсон байна. Харин есөн дүүргээс гагцхүү Сүхбаатарт л АН-ын Х.Болормаа Засаг даргаар томилогдсон юм. Гэхдээ өнгөрсөн сонгуулиар тэрбээр УИХ-ын гишүүн болон тушаал дэвшсэн. Эмэгтэйчүүд дүүрэг, сумын Засаг дарга хийж байсан энэ мэт туршлага манайд цөөнгүй. Өмнө нь одоогийн УИХ-ын гишүүн С.Одонтуяа Баянгол дүүргийн Засаг даргаар ажиллаж байв. Ер нь нийслэлийн Баянгол, Сүхбаатар дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид бүсгүйчүүдийн ур чадвар, манлайлалд итгэдэг аж. Эдгээр дүүргээс цөөнгүй удаа эмэгтэй Засаг дарга томилогдож байсан билээ. Мөн 2022 онд Ховд аймгийн Засаг даргаар тухайн үед Ерөнхий сайдын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга Э.Болормааг томилсон нь манай улсын түүхэнд анхных болсон. Одоо тэгвэл 100 жилийн дараа анх удаа нийслэл Улаанбаатар хотод эмэгтэй Засаг дарга томилж үзье. Боловсрол, мэдлэг, туршлагаас гадна эмэгтэй хүний төрмөл өгөгдөл, хандлага хотын аж ахуйн шинжтэй уг ажилд маш сайн тохирно. Бүсгүйчүүд аливаад нягт нямбай ханддаг, нийгмийн асуудлуудыг эрчүүдээс илүү мэдэрч, уян хатан зохицуулалт хийж чаддаг.
САЛХИЙГ ИЗНН, ХҮН НАМ ХАГАЛАХ УУ
Гуравдагч хүчний намуудаас УИХ-ын сонгуульд хамгийн өндөр амжилтыг ХҮН нам үзүүлсэн. Тэд өмнөх ганц суудлаа найм болгон ахиулж, бүр Засгийн газрын бүрэлдэхүүнд багтан, сонгуулийн мөрийн хөтөлбөрөө төрийн бодлогод шингээж чадаад буй. Боловсролын сайдын албан тушаал ч ХҮН намд ногдоод байна. Гэхдээ хэдийгээр дээрээ эвссэн ч дунд, анхан шатны өөрөө удирдах байгууллагад тусдаа ажиллаж, өрсөлдөнө хэмээн тус намынхан АН-ын адил мэдэгдээд байгаа юм. ХҮН намын нийслэлийн сонгуулийн хороог урбанист Э.Золзаяа хэмээх бүсгүй удирддаг. Тус намаас нийслэлийн ИТХ-д нэр дэвшүүлсэн 45 хүний 19 нь эмэгтэй аж. Тэгэхээр одоо үйлчилж буй хуулийн босго заалтыг хоёр дахин буюу 40 хувиар давуулжээ. Мөн эксперт, архитектор, хотын дизайн төлөвлөлтийн чиглэлээр мэргэшсэн боловсон хүчнүүдээс багаа бүрдүүлсэн гэнэ. Э.Золзаяа багийнхныхаа чадварт бардам байгаа бололтой. Хүчтэй өрсөлдөж, улмаар өөрөө хотын анхны эмэгтэй дарга болох амбицтай яваагаа тэрбээр нийгмийн сүлжээнд ил тод зарласаар байна. 2020 оны сонгуулиар тус нам нийслэлийн ИТХ-д гурван суудалтай байсан бол энэ удаа огцом ахиулахыг хүсжээ. УИХ-ын сонгуульд амжилттай оролцсон учраас орон нутгийнхад ч үр дүнгээ давтана хэмээн тэд төлөвлөсөн бололтой.
Тэгвэл парламентад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж буй ИЗНН-ын нийслэлийн сонгуулийн хороог мөн М.Амартунгалаг гэдэг хуульч, өмгөөлөгч эмэгтэй удирдаж буй юм байна. Эл бүсгүйн баг хуульч, өмгөөлөгч, эдийн засагч, байгаль орчин, ногоон хөгжлийн шинжээч, нийгмийн ухааны чиглэлээр мэргэшсэн хүмүүсээс бүрдсэн аж. Улс төрд М.Амартунгалаг гэдэг эмэгтэй цоо шинэ. МУИС-ийг эрх зүйч мэргэжлээр дүүргэсэн гэдгээс өөрөөр тодорхой мэдээлэл алга. Гэхдээ тус намынхан шинэчлэх зориг, манлайлах алсын хараатай, илүү ухаалаг, ногоон хот байгуулахыг зорьсон гэнэ. Ухаалаг ажиллаж чадвал ИЗНН-д боломж бий. Байгуулагдсан цагаасаа парламентад бараг байнга төлөөлөлтэй явж ирсэн цорын ганц гуравдагч хүчний энэ намынхан УИХ-ын сонгуулиар дөрвөн төлөөлөлтэй болж чадсан билээ. Тэгэхээр ХҮН, ИЗНН-д итгэл үзүүлбэл эмэгтэй Засаг даргатай болох боломжтой байх нь.
МАН, АН-ынхан олонх болсон нөхцөлд бүсгүйчүүдэд жолоогоо атгуулах шийдвэр гаргах боломж бий. Гэвч тийм “эр зориг” тэднээс гарах, эсэх нь эргэлзээтэй. Харин сонгуулиа бүсгүйчүүдэд итгэн удирдуулж буй гуравдагч хүчний намууд өөрчлөлтийн салхийг үлээлгэж болох юм. Жилийн турш, эсвэл улирал хамааран давтагддаг түгжрэл, утаа, нийтийн тээврийн хүртээмжгүй, ногоон байгууламжийн хүрэлцээгүй байдлаасаа салахын тулд зөв сонголт хийх хэрэгтэй байна. Тэр нь эмэгтэй хүнийг Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар сонгох шийдэл байж яагаад болохгүй гэж.