ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин саяхан Монгол Улсад айлчилсан нь дэлхий дахины анхаарлыг ихэд татав. Юуны түрүүнд Зэвсэгт хүчин нь Украин руу довтолсныг цэргийн гэмт хэрэг гэж үзэж Олон улсын эрүүгийн шүүх түүнийг баривчлах шийдвэр гаргаснаас хойш анх удаа гадаад оронд айлчилсныг нь онцолж байна. Айлчлалын талаар гадаадын тэр дундаа Өрнөдийн өндөр албаныхан, улс төрчид, хэвлэлд хэрхэн өгүүлж буйгаас тоймлон хүргэж байна.
Украины Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Георгий Тихий Оросын Ерөнхийлөгчийг Олон улсын эрүүгийн шүүхийн гаргасан шийдвэрийн дагуу Монголын эрх баригчид баривчлаагүйд шүүмжлэлтэй ханджээ. Монгол Улс энэ талаар тус шүүхийн өмнө үүрэг хүлээсэн аж. Гаагийн тус шүүх нотолж буйгаар Украинд Орос цэргийн тусгай ажиллагаа эхлүүлснээс хойш украин хүүхдүүдийг хууль бусаар Орост аваачсаны төлөө Путинд хариуцлага хүлээлгэх ёстой юм байна.
“Путинийг заавал баривчлах үүргээ Монголын Засгийн газар биелүүлээгүй нь Олон улсын эрүүгийн шүүх, Олон улсын эрүүгийн эрхийн тогтолцоонд хүндхэн цохилт боллоо. Гэмт хэрэгт буруутгагдсан этгээдийг үнэний шүүхээс зайлсхийх бололцоо олгосноор Монгол Улс түүний үйлдсэн цэргийн гэмт хэргийн төлөө хүлээх хариуцлагыг хуваалцахад хүрлээ. Энэ нь Улаанбаатарт уршигт үр дагавартай байх тухайд бид түншүүдтэйгээ ажиллах болно” гэж Украины Гадаад хэргийн яамны мэдэгдэлд өгүүлжээ. “Гэмт хэрэгтний аюулгүй байдалд баталгаа өгч буй нь дэлхийн эрх зүйн тогтолцооны мөн чанарыг гутаасан, ардчилсан орны үнэт зүйлийг зөрчиж байгаа хэрэг” гэж Украины ерөнхий прокурор Андрей Костин үзэж байна.
Кремлийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Олон улсын эрүүгийн шүүхийн гаргасан шийдвэрээр Путинийг Монголд баривчлана гэж эмээх зүйл үгүй. Монголтой бидэнд ийм асуудал байхгүй гэж хэлснийг ТАСС эш татжээ.
Путинийг баривчлах шийдвэр гаргасан Олон улсын шүүхийн гишүүн орнууд уг шийдвэрийг хэрэгжүүлэх нь урьд байгуулсан гэрээгээр бусад улсын өмнө хүлээсэн үүрэг, тухайн улсын төлөөлөгчийн дипломат халдашгүй байдлыг зөрчихөөр байвал хүлээсэн үүргээсээ чөлөөлөгдөж болох тухай тус шүүхийн дүрэмд заасан байдаг аж. Олон улсын шүүхийн хэвлэлийн нарийн бичгийн дарга Фади Эль-Абдаллагийн тодруулснаас үзвэл гэрээнд гарын үсэг зурсан орнууд “хамтарч ажиллахаас татгалзсан” тохиолдлыг нарийвчлан судалж үзээд гишүүн бүх улсын бүрэлдэхүүн оролцсон Ассамблей хэрэгтэй гэж үзвэл аливаа арга хэмжээ авдаг. Олон улсын дээрх шүүх нь өөрийн хүчний байгууллагагүй юм байна. Тийм учраас сэжигтэй этгээдийг гишүүн орнууд өөрийн газар нутаг дээр баривчилдаг, үүний тулд тухайн улсын эрх баригчдын шийдвэртэй ажиллагаа чухал байдаг гэнэ.
Украинд цэргийн тусгай ажиллагаа эхэлснээс хойш Путин хилийн чанад руу тун цөөн явж буй бөгөөд түүний очсон орнууд нь Олон улсын эрүүгийн шүүхийн дүрэм журмыг хүлээн зөвшөөрөөгүй байжээ. Эднээс ялгаатай нь Монгол Улс тус шүүхэд 2002 онд элссэн байв. Түүнээс гадна Монгол нь ардчилсан улс. Украин руу Орос довтолсныг Монгол Улс буруутгаагүй, НҮБ-д уг асуудлаар санал хураахад ч түдгэлзсэн байр суурь илэрхийлжээ. Путинийг айлчлах үеэр нь баривчилж Олон улсын шүүхэд өгөхийг Украины эрх баригчид Монголд уриалсан ч Песковын хэлснээр айлчлалын тухайд Кремль санаа зовохгүй, бүх зүйлийг нарийн чанад бэлтгэсэн байв.
Путин сая Халхын голд 1939 онд Японыг Зөвлөлт, Монголын цэрэг ялсны 85 жилийн ойд оролцохоор айлчилсан бөгөөд сүүлчийн удаа таван жилийн өмнө мөн ийм зорилгоор Монголд ирж байжээ. Хэвлэлүүдэд мэдээлснээс үзвэл ОХУ-ын Ерөнхийлөгчийг ёслол төгөлдөр хүлээн авч байх хооронд Украины далбаа, Путинийг баривчлахыг шаардсан үг бүхий хуудас барьсан хүмүүс Улаанбаатарын төв талбайд цугласан байв. Олон улсын шүүхийн шийдвэрийг хэрэгжүүлсэнгүй хэмээн Европын Холбоо Монгол Улсыг бас шүүмжилжээ. “Po¬litico” сонинд бичсэнээс үзвэл Монгол Улс эрчим хүчний хувьд Оросоос хараат байдаг. Нефть бүтээгдэхүүнийхээ 95 хувь, эрчим хүчний 20 гаруй хувийг ойрын хөршүүдээсээ авдаг тул Путинийг баривчлах боломжгүй гэж Монголын Засгийн газрын нэг түшмэл хэлсэн аж. Владимир Путиний санаачилгаар бий болгосон шууд хөрөнгө оруулах Оросын сан Монголын “Хотгор шанага” нүүрсний уурхайтай хамтран тус улсад дулааны цахилгаан станц (ДЦС) барихад 20 тэрбум хүртэл рублийн хөрөнгө оруулахаар энэ айлчлалаар тохирсон байна. Тус станц 120 мВт хүчин чадалтай байх аж. Айлчлалын өмнө “Өнөөдөр” сонины сурвалжлагчийн асуултад Путин хариулахдаа хөрш улсдаа “хямд хий” нийлүүлэхээр амлажээ. Хятад руу хий дамжуулах хоолой Монгол Улсын нутаг дэвсгэрээр дайрч өнгөрнө. Харин уг төсөлд хөрөнгө оруулахад хамтрах, эсэхээ Бээжин хараахан илэрхийлээгүй байна.
Путиний айлчлал гол нь улс төрийн зорилготой байсан гэж нийтлэлч Игорь Эйдман үзэж байна. Түүний бодлоор олон улсын тавцанд хэн ч биш болоогүй гэдгээ дэлхий дахин, Оросын ард түмэн, эрх баригчдад харуулахыг Путин хүссэн аж. Энэ нийтлэлч “Америкийн дуу хоолой”-гийн Оросын албаны сурвалжлагчтай ярилцахдаа “Олон улсын эрүүгийн шүүхийн гишүүн улсад ч очиж чадахаа Монголд хийсэн айлчлалаараа Путин нотлохыг хичээлээ. Үүний тулд тэрбээр аливааг амлах, эдийн засгийн тусламж үзүүлэхдээ ихээхэн гар султай байлаа. Монгол бол нам-улс төрийн чанд өрсөлдөөнтэй, нэлээн ардчилсан улс. Оросын ердийн нэг түнш биш. Хятад, Азербайжан юм уу, Төв Азийн улсуудтай огт адилгүй. Путин өгөөмөр хандаж байж хүлээн авч, аюулгүй байдлыг нь хангах баталгааг Улаанбаатараас олж авч чадсан” гэж хэлжээ. Игорь Эйдман цааш нь “Монгол бол газар нутаг томтой ч, эдийн засаг нь сул, хүн ам цөөнтэй улс. Тиймээс одоо нөхцөл байдал нь хүнд байгаа ч Улаанбаатарт туслах нь Оросын хувьд төвөгтэй биш. Эх орондоо хохирол учруулан байж барааны үнэ буулгах зэрэг буулт хийж хамтран ажиллахыг эрмэлзэн холбоотнуудаа татах оролдлогоо Путин үргэлжлүүлж байна. Хямд хийн талаарх амлалт нь молиго үмхүүлсэн хэрэг байж ч мэдэх тул хийн хоолой барих ажил хэрэгжихэд хэцүү. Харин ДЦС-д хөрөнгө оруулах нь өөр хэрэг. ЗХУ-аас ялгаатай нь Орост үзэл суртлын холбоотон, нөлөөллийн тогтвортой хүрээ байхгүй, байх ч учиргүй. Тиймээс холбоотнуудаа худалдаж авахад хүрч байгаа юм.
Путин Улаанбаатарт чухам ийм ажил хийлээ” хэмээн дүгнэжээ. “Америкийн дуу хоолой”-н эдийн засгийн тоймч “Страна и мир” сайтын ерөнхий редактор Борис Грозовскийн үзэж буйгаар Оросоос Европ хий авахаа больсон нөхцөлд Хятад руу дамжуулах сувагтай болохыг Москва сонирхох болсон. “Сибирийн хүч-2” төслийн үргэлжлэл болох “Союз-Восток” Монголын нутгаар дайрч өнгөрөх бөгөөд түүнд нефть, нефть бүтээгдэхүүний үндсэн нийлүүлэгч нь Орос байх юм. ДЦС-д хөрөнгө оруулж, хийн үнийг хямдруулах нь Монголд өгч буй төлбөр юм. Дээр нь Монгол Улс газрын ховор металл, литийн арвин нөөцтэй учраас түүнтэй түншлэх нь Хятад болон Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллагын орнуудтай Улаанбаатарын тогтоосон хэлхээ холбоонд өгч буй хариу болно. Хятадын Гаалийн ерөнхий газрын баримтаар 2024 оны эхний хагасын дүнгээр тус улсад худалдсан Оросын эрчим хүчний хэмжээ 75 хувиар багасжээ. Энэ нь Хятадад эрчим хүч хэрэггүй байгаагаас шалтгаалсан юм биш, Оросын оператор “Интер РАО”-гийн Алс дорнод дахь эрчим хүчний чадавх муудсантай холбоотой гэж Борис Грозовский тайлбарлажээ. Энэ хугацаанд Монголд Оросын нийлүүлсэн эрчим хүчний хэмжээ нэмэгдсэн. Улаанбаатарын ДЦС-ыг шинэчлэх гэж буй нь хий дамжуулах шинэ хоолой барих гэсэн Москвагийн хүсэлтэй холбоотой юм. Оросын хийгээс Өрнөд татгалзаад буй болохоор Орос түүнийгээ хямдхан ч гэсэн худалдах хэрэгтэй байгаа, Хятадын эрэлт хэрэгцээ ч нэмэгдсэн, цаашдаа ч өснө гэж тоймч эцэст нь тэмдэглэжээ.