Улаанбаатар хотын Автомашингүй өдрийг энэ сарын 21-ний бямба гарагт зохион байгуулахаар болжээ. Энэ өдөр “Итгэл найдвар, боломж” уриатай “Улаанбаатар марафон”-ыг зохион байгуулахаар товлож, бүртгэлийг нь эхлүүлсэн байна. Уг марафоныг “Ахиллис Монгол” төрийн бус байгууллагынхан зохион байгуулах юм. “2015 оноос хойш жил бүрийн есдүгээр сард биетээр долоо, цахимаар хоёр удаа олон нийтийн гүйлт зохион байгуулж ирсэн. Энэ нь хөгжлийн бэрхшээлийн талаарх нийгмийн хандлагыг өөрчлөх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг спортоор дамжуулан дэмжин хөгжүүлэх зорилготой. Ингэснээр тэдний амьдралын чанар, идэвх сайжрах боломжтой юм.
“Итгэл найдвар, боломж” бүх нийтийн гүйлтийг өнгөрсөн хугацаанд нийт есөн удаа зохион байгуулаад байна. 10 дахь удаагийн арга хэмжээг энэ намрын Автомашингүй өдрийг тохиолдуулан нийслэлийн ЗДТГ, “Ариг” банк, “Hi pay” компанитай хамтран илүү өргөн хүрээнд хийхээр төлөвлөсөн” гэж “Ахиллис Монгол”-оос мэдээлэв. Марафоны үйл ажиллагаанд туслах боломжтой сайн дурын хөгжөөн дэмжигчдийг дээрх байгууллагынхан өдгөө бүртгэж буй гэнэ. 16-гаас дээш насныхан үүнд хамрагдах боломжтой. Сайн дурынхан марафонд гүйж буй хүмүүст урмын үг хэлэх, өөртөө итгэх итгэлийг нь нэмэгдүүлэх үүрэгтэй. Мөн бүгд хамтдаа флашмоб бүжиг хийх юм байна.