Гэртээ хүүхдээ асардаг ээжүүд болон ахмадууд нэгдэн “Цэцгийн увдис” бүлгэмийг үүсгэн байгуулж, таримал цэцэгсээрээ тав дахь жилдээ үзэсгэлэн, худалдаа зохион байгууллаа. Тэд бүтэн жилийн турш ургуулсан тасалгааны цэцэгсийнхээ хамгийн ховор, сониныг нь сорчлон олон нийтэд танилцуулж, дээжээс нь худалддаг аж. Энэ удаагийн үзэсгэлэнд бүлгэмийн 10 орчим эмэгтэй 50 гаруй төрлийн цэцэг дэлгэжээ.
Үзэсгэлэн зохион байгуулагч Б.Эрдэнэцэг “Манай бүлгэмийн гишүүд сэтгэл зүтгэлээ шингээн тарьж ургуулсан
хамгийн гоёмсог цэцэгсээрээ үзэсгэлэн гаргадаг. Сүүлийн үед бид ховор сортын цэцэг нутагшуулж, түүнийгээ үзэгчдэд танилцуулдаг уламжлалтай болоод буй. Өнгөрсөн жилийн үзэсгэлэнг сонирхохоор 200 гаруй хүн ирсэн. Жил ирэх тусам үзэгч, сонирхогчийн тоо олширч байгаа нь бидэнд том урам зориг өгч байна. Зарим хүн янз бүрийн цэцэг гадаадаас оруулж ирээд арилждаг бол бид цэцэгсээ үр байхаас нь л бойжуулж, ургуулдаг учраас хүмүүс их дуртай. Цэцэг тарихын давуу тал гайхамшигтай. Наад зах нь хүүхдүүдээ байгальд хайртай болгож өсгөх, хүрээлэн буй орчны агаарыг цэвэршүүлэх, гэрт гэрэл гэгээ, өнгө зүс нэмэх гээд олон талын ач холбогдолтой. Бид жил бүр 50 гаруй төрлийн цэцэг үзэсгэлэнд дэлгэдэг. Нэг төрлийн шимтгэлээ нь гэхэд л 20 гаруй сорт байх жишээтэй. Эмийн сангийн “үүрэг” гүйцэтгэдэг зуун наст ч мөн олон төрөл бий. Хоеэ цэцэг тасалгааны агаарыг маш сайн цэвэршүүлдэг шидтэй. Энэ мэтээр цэцэг бүр өөр өөрийн өнгө төрх, үүрэгтэй. Ингээд бодохоор маш олон цэцэг үзэсгэлэнд “оролцдог” байгаа биз” гэж ярилаа.
Гоёмсог таримал цэцэгсийн үзэсгэлэн, худалдааг Баянзүрх дүүргийн нутагт буюу Оросын шинжлэх ухаан, соёлын төвийн задгай талбайд уламжлал ёсоор баасан, бямба, ням гарагт зохион байгууллаа. “Цэцгийн увдис” бүлгэмийнхэн хотын өнцөг булан бүрд цэцэгсээ тарьж ургуулан, хүрээгээ улам тэлж буй талаараа ярьсан. Бүлгэмээс цэцэгт хайртай ээжүүд, эмээ нарыг байнгын ажилтай, орлоготой байлгахын тулд үзэсгэлэн дэлгэж, нэгэндээ үрслэгээ, сортоо илүүчлэх, туршлагаа хуваалцах боломжоор хангадаг гэнэ.
О.УНДРАХ