Цаг уур, орчны шинжилгээний газраас ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөвийг гаргажээ. Ирэх сард нутгийн баруун хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх нь. Мөн зүүн өмнөд хэсэгт олон жилийн дунджаас ахиу хур тунадас орох төлөвтэй байна. Харин арваннэгдүгээр сард агаарын температур нийт нутгаар дулаан, хур тунадас олон жилийн дунджийн орчим байх гэнэ.
Арванхоёрдугаар сард агаарын температур болон хур тунадас нийт нутгаар олон жилийн дунджийн орчим байх төлөв гарчээ. Тодруулбал, аравдугаар сард Увс, Завханы ихэнх, Архангайн баруун хойд хэсгээр болон Хөвсгөлийн нутгаар агаарын температур олон жилийн дунджаас хүйтэн аж. Бусад нутгаар дунджийн орчим байх төлөв гарчээ. Мөн Өмнөговийн зүүн, Дорноговь, Сүхбаатарын ихэнх, Дорнодын өмнөд хэсгээр ахиу хэмжээний хур тунадас орох юм байна.