Хугацаат цэргийн алба хаагчдын эрүүл мэндэд халдаж зодсон гэх дуулиан үе үе гардаг. Өдгөө олон нийтийн сүлжээнд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сум дахь хилийн 0146 дугаар ангийн хугацаат цэргийн хоёр алба хаагч зодуулж, эрүүл мэндээрээ хохирсон гэх мэдээлэл цацагдаж буй. Хоёр байлдагчийн ар гэрийнхнийх нь гомдлын дагуу МБА-нд мөрдөн шалгах ажиллагааг эхлүүллээ. Ар гэрийнхэн болон хоёр цэргийн алба хаагчийн мэдээлж буйгаар хилийн цэргийн дээрх ангид өөр хэд хэдэн байлдагч зодуулж, гэмтсэн байгаа гэнэ.
Тэгвэл Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уржигдар цэргүүддээ халдсан ахлагчид ял шийтгэлээ. Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн салааны захирагчийн орлогч Б.Төрмөнхөд Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн 28.3-1 дэх хэсгийн “Цэргийн дүрмийн бус байдлаар харьцаж дарга, захирагч нь захирагдагчаа зодсон, хүч хэрэглэсэн” гэх заалтын дагуу яллах дүгнэлт үйлдэн тус шүүхэд шилжүүлсэн юм. Тэрбээр 2023 оны аравдугаар сард “Жагс” команд өгчихөөд байхад хоцорч ирлээ” хэмээн байлдагч З.Б-ийн биед нэг бус удаа халдсан, мөн байлдагч А.Б-ийг удаа дараа цохиж хүч хэрэглэсэн, цэргийн амрах байранд цэвэрлэгээ муу хийлээ гэсэн шалтгаанаар хугацаат цэргийн цөөнгүй алба хаагчид халдсан хэрэгт холбогдсон юм. Угхэрэгт өнгөрсөн оны аравдугаар сард хугацаат цэргийн алба хааж байсан 22 иргэн хохирогчоор тогтоогдсон байдаг. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх ахлагч Б.Төрмөнхөд холбогдох хэргийг хэлэлцээд цэргүүддээ хүч хэрэглэсэн гэм буруутайд тооцож, найман сарын хугацаагаар хорих ял шийтгэжээ.