Монгол Улсын ес дэх парламент бүрдэж, анхны 126 гишүүн тангаргаа өргөөд удаагүй байна. Дөрвөн нам, нэг эвслийн төлөөллөөс бүрдсэн эл парламентад иргэд биднийг хэн хэн төлөөлж байна вэ. Ардчилсан засаглалыг бэхжүүлэх, нийгэм, эдийн засгийн амьдралд хөгжил дэвшил авчрах үүрэг, зорилгоо биелүүлэх нөөц боломж, туршлага тэдэнд бий юү. Эдгээр асуултад хариулт өгч, иргэдийн мэдэх эрхийг хангах үүднээс “Өнөөдөр” сонин “126-гийн нэг” булан нээгээд байна. Энэ удаагийн парламентын 126 гишүүний 80 нь анх удаа сонгогдсон. Мөн түүхэндээ хамгийн олон эмэгтэй гишүүнтэй парламент гэхчлэн олон тодотголтой билээ. Парламентад иргэдийг хэн хэн төлөөлж байгааг бид цувралаар танилцуулах болно.
Жуковын Алдаржавхлан. МУИС-ийн Эдийн засгийн дээд сургуулийг 2003-2005 онд суралцаж төгссөн. Санхүүч мэргэжилтэй, санхүүгийн магистр цолтой, 43 настай. Ажлын гараагаа 2001-2006 онд УИХ-ын Тамгын газар, Төсвийн байнгын хороооны зохион байгуулагч, референтийн албан тушаалаар эхэлж 2006-2008 онд Сангийн яаманд зөвлөх, 2008-2012 онд “Орон сууцны санхүүжилтийн корпораци”-ийн, 2015-2016 онд “Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал, 2016 онд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, Хан-Уул дүүргийн Засаг даргаар ажиллаж байж. Ингээд2024 оны УИХ-ын сонгуулийн 29 дүгээр тойрогт МАН-аас нэр дэвшин өрсөлдөж ялалт байгуулсан. Тэрбээр төрийн болон төр, захиргааны байгууллагад 20 жил ажиллажээ. Үүнээс сүүлийн найман жилд нийслэлийн нэгэн том дүүргийг дангаараа удирдсан. Хан-Уулын “хаан” гэгдэж өргөмжлүүлж явсан өдөр ч бий. Ашиг сонирхлын зөрчил бүхий тендерүүдийн асуудалд түүнийг дам хамааралтай байж болохуйц баримтууд хэвлэлийн хуудаснаа харагддаг төдийгүй “Ах, дүүсээрээ улс төрийн сонгуульд азаа үздэг” гээд баалуулсан ч талтай. УИХ-ын гишүүний тангаргаа өргөснөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд сонгогчид түүнээс нэг л том зүйлийг хүлээж буй.
Тэр нь Засгийн газраас “Баялгийн сангийн хувийг иргэд хүртэхдээ орон сууцынзээлийн хэлбэрээр хүртэж болно” гэснийг ажил хэрэг болгох талаар зээлдэгч, зээлдүүлэгч, барилгын компаниуд, төсөв хуваарилагчид гэхчлэн бүх шатанд нь ажиллаж үзсэн, зовлон жаргалыг нь мэдэх хүний хувьд эзэмшсэн туршлагаараа хууль тогтоомжийг сайжруулах, эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр дорвитой үр дүн гаргана гэсэн хүлээлт юм. Уг сурвалж, намтраас нь харахад Увс нутгаас гаралтай “архаг” улс төрчдийг бараадаж улс төрд хөл тавьсан гэгддэг нь үнэний ортой. Хашиж байсан албан тушаалуудаас нь харахад төр, захиргааны алба хашсан туршлагыг 23-хан наснаасаа хуримтлуулж яваа, цаг үе нь ирсэн залуу улс төрч гэдгийг нь үгүйсгэх аргагүй. Тиймээс ч өнгөрсөн хугацаанд оролцсон сонгууль бүрдээ амжилт үзүүлсэн бөгөөд эдүгээ хэнийг ч “бараадахгүйгээр” өөрийн зам мөрийг гаргах боломжоо олж авсан Ж.Алдаржавхлан ирэх дөрвөн жилийн хугацаанд хэн болохоо харуулах биз ээ.
УИХ-ын ээлжит чуулган завсарласан энэ өдрүүдэд тэрбээр аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн үйл ажиллагаа эхэлсэнтэй холбогдуулан Хан-Уул дүүргийн МАН-ын хорооны даргын хувиар 40 гаруй нэр дэвшигчээ удирдаж “Хан-Уулчуудад амласан ажлаа дуусгана” гэсээр, өөрийнх нь үед хийсэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг зарлан сонгуульд оролцож байна. Энэ цаг үеэс эхлэн зөвхөн дүүргийнхээ тухай бодох бус, улс орноо том зургаар нь харж хөгжүүлэх үүрэг хариуцлага ирснийг ухамсарлаж, өөр арга барил, зорилго чиглэлтэйгээр ажиллах болсноо мэдэрч байгаа гэж найдъя.
У.Оргилмаа